“Долоогийн бүлэг”-ийн орнуудын Худалдааны сайд нар Германд пүрэв гарагт уулзах үеэрээ амин чухал бүтээгдэхүүнүүд, тэр дундаа өндөр ач холбогдол бүхий ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний уян хатан байдлыг бэхжүүлэхээр тохиролцжээ.
Их Британи, Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ болон Европын Холбооны сайд нарын хамтарсан мэдэгдэлд харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан худалдааны харилцааг өргөжүүлж, худалдааг төрөлжүүлэх нь нийлүүлэлтийн сүлжээний хэвийн ажиллагааг хангах, эдийн засгийн уян хатан хийгээд тогтвортой байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон байна.
Хятадад 2020 оны эхэн үеэр коронавирусний халдвар тархсанаас эхлэн Европ болон бусад улс орнууд дахь үйлдвэрүүд үйлдвэрлэлийн доголдлын талаар мэдээлж эхэлсэн бөгөөд ложистикийн хөдөлгөөн хязгаарлагдмал болсон нь дэлхийн нйилүүлэлтийн сүлжээний саатал тасалдлыг улам даамжруулжээ. Улмаар энэ оны хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн Орос, Украины дайн нөхцөл байдлыг улам дордуулсан байна.
Хамтарсан мэдэгдэлд мөн Оросын дайныг, тэр дундаа хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад хүнсний аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол үүсэхэд хүргээд байгаа халдлагуудыг шүүмжилжээ. “Бид Оросын дайныг зэмлэн буруушааж байна” гэж “Долоогийн бүлэг”-ийн сайд нар мэдэгдээд, Москваг цэргийн түрэмгийллээсээ ашиг хүртэхээс сэргийлэх, дайтах хүчин чадлыг нь хязгаарлах чиглэлд нэгдсэн хүчин чармайлтаа өргөжүүлэхээр болжээ.
Украины Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжил, худалдааны сайд Юлия Свириденко мөн энэхүү уулзалтад оролцсон бөгөөд украинчуудыг аюулгүй орчинд амьдрах, тогтвортой ажил эрхлэх нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Нишимүра Ясүтоши уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, нийлүүлэлтийн сүлжээний уян хатан байдлыг бэхжүүлэхэд шинээр хөгжиж буй болон хөгжиж буй эдийн засагтай орнуудын оролцоо шаардлагатай бөгөөд хамтын ажиллагааг одоогийн “Долоогийн бүлэг”-ийн хүрээнээс илүү өргөжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа онцолжээ.
Үүнээс гадна Худалдааны сайд нар оюуны өмчийн хулгай, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зах зээлийг гажуудуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн сөрөг үр дагавар бүхий татаас зэрэг худалдааны зарим үйл ажиллагаанд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн Дэлхийн худалдааны байгууллагыг сэргээн шинэчлэх, дүрэм журмыг нь шинэчлэн сайжруулахыг эрмэлзэж байгаагаа дахин нотолжээ. “Долоогийн бүлэг”-ийг ирэх онд Япон улс даргалах юм.