Казахстаны нийслэлийн нэрийг дахин Астана болгон өөрчлөхийг дэмжжээ

Казахстаны нийслэл хотын маслихат /нутгийн өөрөө удирдах төлөөллийн байгууллага/ тус хотыг хуучин Астана нэрээр нь буцаан нэрлэх саналыг дэмжжээ. 

Пүрэв гарагт явуулсан санал хураалтын дараа уг баримт бичгийг топоним буюу газар нутгийн нэрийн асуудал эрхэлдэг ономастикийн хороогоор хэлэлцүүлэхээр илгээнэ.

Казахстаны нийслэлийн нэрийг 2019 оны гуравдугаар сард тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрээр  нэрлэсэн билээ. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын санаачилгаар ийм шийдвэр гаргасан юм. Энэ сарын эхээр Казахстаны парламентын хэсэг гишүүд нийслэл хотоо хуучин нэрээр нь буцаан нэрлэхийг санал болгож, Ерөнхийлөгч Токаев нэрийг дахин өөрчлөх талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна.   

2019 онд хотын нэрийг Астанагаас Нур-Султан болгон өөрчлөхөд нийслэлийн удирдлагууд тамга, албан хуудас, хаяг тэмдгийг солиход 30 сая орчим тенге (одоогийн ханшаар 63 мянган ам.доллар) зарцуулжээ.

1830 онд байгуулагдсан цагаасаа хойш казакуудын суурин хэлбэрээр байгуулагдсан хотыг Акмолинск гэж нэрлэдэг байв. 1961 онд хотын нэрийг Целиноград, 1992 онд Акмол болгон өөрчилсөн байна. 1998 оноос тус хотыг Астана гэж нэрлэх болсон бөгөөд Нурсултан Назарбаевын санаачилгаар нийслэлээ тийш нь шилжүүлжээ. Астана нь казах хэлнээс "нийслэл" хэмээн орчуулагддаг.