Володимир Зеленський саяхан чөлөөлөгдсөн Изюм хотод очиж төрийн далбаа мандуулах ёслолд оролцжээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський саяхан чөлөөлөгдсөн Изюм хотод очиж, төв талбайд зохион байгуулсан төрийн далбаа мандуулах ёслолд оролцжээ. Түүнтэй хамт Батлан хамгаалахын дэд сайд Анна Маляр болон Харьков болон Луганск мужид давшиж чадсан хуурай замын цэргийн ерөнхий командлагч, хурандаа генерал  Александр Сырский нар оролцсон байна. Оролцогчид дайны үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хураан зогсжээ.

Зеленський ёслолд цугларсан Украины армийн цэрэг, офицеруудад хандан үг хэлэхдээ "ард түмнээ, үр хүүхэд, ирээдүйгээ аварсан та бүхэнд талархаж байна" гэжээ. Хэсэг хугацааны дараа тэрээр Телеграмдаа "Өмнө нь бид дээшээ харахдаа хөх тэнгэр харахыг хүсдэг байсан бол өнөөдөр бид Украины далбааг л хайдаг боллоо. Чөлөөлөгдсөн Изюм хотод манай хөх, шар өнгийн далбаа мандаж байна. Украины хот, тосгон болгонд далбаагаа мандуулах болно. Бид зөвхөн нэг чиглэлд, зөвхөн урагшаа давшиж байна. Ялалт руу тэмүүлж байна" гэжээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч Зеленський "Манай улсын нутаг дэвсгэрийг түр эзлэн авч болох ч  Украины ард түмнийг бүхэлд нь эзлэх боломжгүй. Хүмүүсийн тархийг угааж болох ч украинчуудын зүрх сэтгэлийг угааж болохгүй" гэв. 

Украины давшилт /есдүгээр сарын 6 болон 12-ны өдрүүд/. Улаан: Оросын армийн хяналтад буй хэсэг, хөх ягаан-Украины армийн хяналтад буй хэсэгУкраины давшилт /есдүгээр сарын 6 болон 12-ны өдрүүд/. Улаан: Оросын армийн хяналтад буй хэсэг, хөх ягаан-Украины армийн хяналтад буй хэсэг

Лхагва гарагт дэд сайд Анна Маляр өөрийн Фэйсбүүк хуудаснаа есдүгээр сарын 6-нд Украины арми Балаклиягийн ойролцоох фронтыг сэт цохиж, Харьков мужийн 8500 хавтгай дөрвөлжин км газар нутгийг чөлөөлсөн гэж мэдээлсэн байна. 

"ЭНЭ БОЛ БИДНИЙ ГАЗАР НУТАГ, БИДНИЙ АРД ТҮМЭН"

Изюм нь Харьков мужийн өмнөд хэсэгт оршдог хот юм. Оросын арми ширүүн тулалдааны эцэст дөрөвдүгээр сарын эхээр 53 мянган хүн амтай /дайнаас өмнө бүртгэгдсэн хүн амын тоо/ хотыг эзэлжээ. Таван сар гаруйн хугацаанд Изюм бүслэлтэд байв.

Есдүгээр сарын 10-нд Украины Зэвсэгт хүчний томоохон хэмжээний сөрөг довтолгооны үеэр Украины цэргүүд Изюм рүү нэвтэрчээ. 

Харин Москвагаас Оросын цэргүүд хүчээ нэмэгдүүлэхийн тулд хотоос гарсан гэж мэдэгдэв. Гэвч үнэтэй техник хэрэгслээ үлдээсэн нь Оросын цэргүүд хотоос яаран, хүчээр гарсны илрэл гэж үзэж буй аж.

Эх сурвалж: ВВС