Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Доголон Төмөр хааны сүм, бунханыг үзэж сонирхжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистаны Самарканд хотод Доголон Төмөр хааны сүм болон бунханыг үзэж сонирхлоо.

Самарканд хотын Регистан талбайн баруун талд орших бунханыг Доголон Төмөр хаан 1403 онд Османы эзэнт гүрэнтэй хийсэн дайны үеэр нас барсан өв залгамжлагчдадаа зориулан жилийн дотор бариулжээ. Доголон Төмөр хаан Мин Улстай хийсэн аян дайны үеэр 1405 онд нас барсан тул түүнийг тус бунханд оршуулсан байна. Үүнээс хойш энэ бунханд түүний багш, хөвгүүд, ач хүүгийн шарилыг байрлуулсан аж.

Хөтөч Викториа Валанская тайлбарлахдаа, "Доголон Төмөр хаан Иранчуудтай дайтаж байхдаа баруун хөлөө шархлуулаад, эдгэснийхээ дараа доголж алхдаг болсон тул ийнхүү нэрлэсэн байдаг. Тэрбээр 35 жил хаан ширээнд суухдаа 18 удаа дайн тулаан хийж, 19 дэх тулаанаа хийж байхдаа 68 насандаа нас барсан. Энэ гайхалтай сүм нь Азидаа цор ганц, ховор, онцлог хийцтэй юм. Тухайн үед Армени, Турк, Азербайжан, Гүрж, Иран, Ирак, Афганистан, Энэтхэгийн зарим газар нутгийг гээд төв Азийн нэлээд улс орныг эзэлж байсан. Түүнийг нас барсны дараа хаан ширээний төлөө тэмцэл 5 жил үргэлжилсний эцэст отгон хүү нь угсаа залгамжилсан. Оросын археологичид Доголон Төмөр хааны шарилыг судлахдаа араг ясны бүтцээр нь царайг нь дүрсэлж, Монголын барлас овгийн хүн байсныг нотолсон" хэмээн онцолж байв.  

Мөн өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Регистан цогцолбор дахь Улугбек, Шердор болон Тилля-Каригийн сүмүүдийг үзэж сонирхлоо. Төмөрийн хаант улсын үеэс эхэлж, 17р зууны үе хүртэл үргэлжилсэн Улугбекийн сүмийг 1417-1420 онд барьжээ. Шердорийн сүмийг 1619-1636 онд, харин Тилля-Каригийн сүмийг 1646-1660 онд барьсан аж. Эдгээр сүм болон бусад барилгаас бүрдсэн Дундад Азийн уран барилгын цогцолборыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад 2001 онд бүртгэжээ.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Биби Ханум сүм, мавзолейд хүрэлцэн ирсэн юм. Доголон Төмөр хааны хамгийн хайртай, Чингис хааны удмын Сарай-мульк ханым (зарим судлаач Саранмөнх хатан гэж нэрлэх нь байдаг аж) тухайн үеийн шашны удирдагч болон төрийн албан хаагчдыг бэлтгэх энэ сургуулийн барилгыг 1390 оны үед өөрөө удирдан бариулжээ. Доголон Төмөр хаан энэ хатантай гэрлэсний дараа Гурган Тимур буюу Хүргэн Төмөр гэж нэрлэгдэх болжээ. Түүнийг нас барсны дараа дурсгалд нь зориулж эсрэг талд бунхан барьж, оршуулсан байна. Бунханд Сарай-мульк хатнаас гадна түүний ээж, дүү, ойрын шивэгчний шарил байдаг гэж үздэг байна.