Үндэсний номын баяр энэ сарын 16-нд эхлэхээр болжээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор, "Номын соёлт ертөнц" ТББ-аас 32 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 16-нд эхэлнэ.

Энэхүү номын баярыг олон нийтээр 16 жилийн турш тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ уламжлалыг төрөөс бодлогоор дэмжин Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050”  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулдаг болсон.

Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, жуулчин, түр оршин суугч болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог.

Гурван өдөр үргэлжлэх номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтай авч, зохиолчоос нь гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой. Түүнчлэн ховор хуучин номуудын худалдааг мөн номонд шимтэгч хэн бүхэн эртнээс догдлон хүлээдэг билээ. Энэ удаагийн номын баярыг “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэх юм.