УБТЗ: Чингэлгийн тээвэр нэмэгдснээр терминалуудын талбайн ашиглалт 80 хувьд хүрсэн

 Манай улс Замын-Үүд боомтын төмөр замын өртөөний нарийн царигаар өнгөрсөн сарын 31-ний байдлаар БНХАУ-аас нийт 68 мянга орчим ачаатай чингэлэг хүлээн аваад байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 172.6 хувиар өсөөд буйг УБТЗ ХНН-ээс өнөөдөр мэдээллээ. Тодруулбал, энэ оны эхний 8 сард хүлээн авч тээвэрлэсэн чингэлэг 2018-2021 оны бүтэн жилийн гүйцэтгэлүүдээс 1.1-1.5 дахин их байгааг УБТЗ-ын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан тодотгов. Одоо харин саалиа бэлдэхээс саваа бэлд гэдэг шиг төмөр замын болон ачаа тээвэр хүлээн авах терминалыг нэмэгдүүлэх нөхцөл байдал үүсээд буйг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар нийслэлд нийт 14 терминал байгааг ашиглан өсөн нэмэгдэж буй чингэлгийн тээврийг зохион байгуулж буйг УБТЗ-ын ачаа тээвэр хариуцсан албаны орлогч дарга Б.Мөнхтулга мэдээллээ. Дээрх терминалуудын 12 нь төмөр зам бүхий, гаалийн хяналтын бүсэд чингэлэг тээвэрт зориулагдсан талбайнууд. Харин гаалийн хяналтын бүсээр зарлагдаагүй “Ундарга интернэйшнл” ХХК-ийн болон Амгалангийн 2 терминал байна. Улаанбаатар хот дахь терминалуудын чингэлэг хадгалах нийт талбай 4233 ширхэг чингэлэг (40 футийн)-ийн багтаамжтай аж. Өнөөдрийн байдлаар нийт талбайн 80 хувийг ашиглаж, нэмж 4 талбайд суларсан хоосон чингэлэг хураах ажлыг зохион байгуулж байна гэв.

БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаад байсан чингэлгийн тоо цар тахлын өмнөх үеийн хэвийн байдалдж шилжжээ. Өнөөдрийн байдлаар Тяньжинд манай улсын импортын 1400 ачаатай чингэлэг байна. 

Мөн Толгойт өртөөнд байрлаж буй 1000 чингэлэг багтах, “Гобикорп сервисез” ХХК-ийн дайрган талбайг ашиглан суларсан чингэлгийг байрлуулан хурааж байна. УБТЗ ХНН Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гааль, Амгалан, Толгойтын болон “Ундарга интернэйшнл” ХХК-ийн салбар төмөр замуудыг ашиглан хоосон чингэлгүүдийг оруулан мөн хурааж байна.

Ингэснээр БНХАУ-ын Тяньжин боомтод хуримтлагдаж хүлээгдээд байсан манай улсын импортын чингэлгүүдийг тээвэрлэх, хүлээн авах үйл ажиллагаа идэвхжиж, чингэлгийн тоо цар тахлын өмнөх, хэвийн үеийн хэмжээнд хүрээд байгаа аж. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Тяньжин боомтод 1400 ачаатай чингэлэг байна.