Маргаашаас зарим нутгаар бороо орж хүйтэрнэ

Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, цас хайлмагтан орж, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.

Энэ сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи  15, 17-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 метр, 16-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн,  цочир хүйтрэнэ, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, цочир хүйтрэнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна.