Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголынхоо нийт ард иргэд, үе үеийн парламентчид, парламентын Тамгын газрын ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэв.
Мэндчилгээнд, "Ардчилсан засаглал, төр-улсын маань дархлаа болсон Парламентын өдрийн мэндчилгээг Монголынхоо нийт ард иргэд, үе үеийн парламентчид, парламентын Тамгын газрын ажилтнуудад өргөн дэвшүүлье.
Парламентын засаглалыг монгол түмэн өөрийн цэцэн оюун, чин эрмэлзэл, гүн хүндэтгэлийг шингээж, Үндсэн хуулиараа сонгон тунхагласан учраас Парламентын өдөр бол Монголын нийт ард түмний баярын өдөр билээ.
Төр бол хэн нэгэн буюу хэсэг бүлэгт оногдсон эрх мэдэл, хүч чадал биш ээ.
Харин “Төр бол хууль юм” гэсэн үг бий. Тиймээс эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, иргэдтэйгээ хамтран түүнээ ягштал хэрэгжүүлж, шударга ёс, хууль засагласан нийгмийг цогцлоохыг УИХ эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Хууль тогтоох, төлөөлөх шинжийг хослуулсан байнгын ажиллагаатай парламентат ёсыг шинжлэх ухааны чухал нээлт гэж үздэг бөгөөд манай үе үеийн парламентууд өөр өөрийн үүх түүхийг бүтээсээр ирсэн.
Мөнх тэнгэрээс заяат монгол түмэн минь амар амгалан, аз жаргалтай, төр улс маань түвшин тогтвортой, хөгжил дэвшил өрнүүн дэлгэр байх болтугай" гэжээ.