БНСУ-ын “Squid Game” цуврал Америкийн телевизийн урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Primetime Emmy Awards” наадмаас драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин, шилдэг найруулагч шагнал хүртсэн анхны гадаад хэлээрх телевизийн цуврал боллоо.
Даваа гарагт АНУ-ын Лос-Анжелес хотын “Microsoft” театрт болсон 74 дэх удаагийн шагнал гардуулах ёслолоос “Squid Game” цувралын продюсер, зохиолч, найруулагч Хван Дон Хюк “Драм цувралын шилдэг найруулагч” шагналын эзэн болжээ.
Тэрбээр энэхүү шагналын төлөө “Succession” цувралын найруулагч Марк Майлод, Кэти Ян, Лорен Скафариа, “Severance” цувралын найруулагч Бен Стиллер, “Ozark” цувралын найруулагч Жейсон Бейтман, “Yellowjackets” цувралын найруулагч Карин Кусама нартай өрсөлджээ.
Америкийн телевизийн салбарынхны хүсэн хүлээдэг “Emmy” шагналын эзнээр гадаад хэлээрх телевизийн цувралын найруулагч тодорсон анхны тохиолдол энэ болж байна. Хван Дон Хюк шагналаа гардан авах үеэрээ, олон улсын үзэгчдэд уран бүтээлээ хүргэх боломжийг олгосон “Netflix” платформд талархал илэрхийлжээ.
“Бид бүгд түүх бүтээж чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй гэж бодож байна. “Squid Game” гадаад хэлээрх цувралууд цаашид “Emmy” шагнал хүртэх эхлэлийг тавьж байна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр дахин тодорно хэмээн найдаж байна” гэж тэрбээр хэлжээ. Мөн цувралын хоёрдугаар бүлгээр үзэгчидтэйгээ эргэн уулзана гэсэн байна.
“Squid Game” цувралын гол дүрийн жүжигчин Ли Жон Жэгийн хувьд “Драм цувралын шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын төлөө “Ozark” цувралын Жейсон Бейтмэн, “Succession” цувралын Брайан Кокс, Жереми Стронг, “Better Call Saul” цувралын Боб Оденкирк, “Severance” цувралын Адам Скотт нартай өрсөлдөн шилдгээр шалгарчээ.
Ингэснээр Ли Жон Жэ Америкийн соёл урлаг, энтертайнментын салбарын дөрвөн томоохон наадмын нэг болох “Emmy”-гийн шагнал хүртсэн анхны БНСУ-ын жүжигчин болжээ. Энэхүү цувралд тэрбээр 45.6 тэрбум воны төлөө Солонгос хүүхдүүдийн уламжлалт тоглоомоор өөр хоорондоо өрсөлдөх нууцлаг тэмцээнд оролцож буй дунд эргэм насны эрэгтэйн дүрд тогложээ.
Шагналаа гардан авах үеэрээ Ли Жон Жэ дэлхий дахины үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн цуврал бүтээсэн найруулагч Хван Дон Хюкт талархал илэрхийлжээ. Тэрбээр, “Бид бүгдийн амьдралдаа тулгардаг бодит асуудлуудыг гайхалтай зохиол, дүрслэлээр дэлгэцэн дээр бүтээлчээр амилуулсан найруулагчдаа баярлалаа” гэж хэлсэн байна.
“Squid Game” цуврал “Emmy” наадмаас нийтдээ зургаан шагнал хүртсэнээс хоёрыг нь даваа гарагт болсон наадмаас, дөрвийг нь өнгөрсөн долоо хоногт болсон “Creative Arts Emmys” наадмаас хүртжээ. Тус цуврал энэ оны “Emmy” наадмуудын 14 шагналд нэр дэвшсэн байна.
“Netflix”-ийн хамгийн шилдэг цувралаар шалгарсан “Squid Game” цуврал үзэгчдийн хүртээл болсноос хойших эхний дөрвөн долоо хоногт 1.65 тэрбум цаг үзсэн амжилт үзүүлжээ. Энэхүү цувралын хоёрдугаар бүлгийг бүтээх ажил үргэлжилж байгаа юм.