“Mongolia Mining 2022” үзэсгэлэнг энэ сарын 21-нд нээхээр болжээ

 “Mongolia Mining” олон улсын уул уурхайн 11 дэх удаагийн үзэсгэлэнг энэ сарын 21-23-нд “Степпе Арена” мөсөн өргөөд 3 өдрийн турш зохион байгуулна.

Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөө, мөн энэ удаагийн үзэсгэлэнгийн гол сэдэв болох хариуцлагатай уул уурхайн талаар семинар хийнэ. “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт” УҮГ худалдан авалтын бодлого, тавигдах шаардлагын талаар ханган нийлүүлэгчдэд мэдээлэл хүргэх юм. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том үйл ажиллагааг энэ жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөжээ. Монгол Улсад энэ онд уул уурхайн салбар хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар УУХҮЯ, АМГТГ, “Оюу Толгой“ ХХК ажиллаж байна.

Үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компани, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч, үнэлгээ консалтингийн компани, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 200 орчим бизнесийн байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулан сурталчлах юм. Мөн “Mongolian Mining 2022” үзэсгэлэнд олон улсын байгууллагууд, тэр дундаа ОХУ, Канад, Их Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг орны 100-гаад байгууллага, манай улсын уул уурхайн салбарын тэргүүлэх томоохон байгууллагууд оролцох юм.

Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан, үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа холбоо тогтоох боломжтой. Үзэсгэлэн гаргагч, зочдод зориулан автобусаар Шангри-Ла зочид буудлаас цаг тутам үнэгүй үйлчилнэ.

“Мongolia Mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн тухайн салбарт техник технологийн хамгийн чухал үйл ажиллагаанд тооцогддог бөгөөд уламжлал ёсоор “Майнэкс Монголиа” ХХК, “Экспо Монгол” ХХК хамтран зохион байгуулж байгаа. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монголиа” ХХК, алтан ивээн тэтгэгчээр “Гранд Майнинг Экюпмент” ХХК, “Новел групп” ажиллаж байгаа бол үндэсний бүтээн байгуулагч, мөнгөн ивээн тэтгэгчээр “Соёолон Интернэшнл” ХХК, “Мега Сэлбэг” ХХК ажиллаж байна.