Тосонцэнгэлд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн “Үртэстэйн гарам” гэдэг газар газар гарсан ойн түймрийг бүрэн унтраагаад байна.

Завхан аймгийн төвөөс зүүн урд зүгт 240 км, сумын төвөөс урд зүгт 60 км-т Тосонцэнгэл сумын “Үртэстэйн гарам” гэдэг газарт ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 19:16 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу шуурхай ажиллаж, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид болон сумын ЗДТГ-ын байгаль хамгаалагчид, сум дундын ойн ангийн ажилтнууд, орон нутгийн иргэдтэй хамтран унтраагаад байна. 09.11-ний өдрийн 07:00 цагт түймрийг цурамд оруулж, 11:50 цагт бүрэн унтрааж, Тарвагатай нурууны байгаль хамгаалагчид хүлээлгэн өгөөд байна. Завхан аймгийн нийт нутгаар хуурайшилтын гуравдугаар зэрэг буюу гал түймрийн аюултай түвшинд байгааг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Тиймээс иргэд ойн сан бүхий нутаг дэвсгэрт анхаарал болгоомжтой явахыг хатуу анхааруулж байна. Самар, жимс, түүж, мод бэлтгэхгүй байх. Ил задгай гал түлэхгүй байх, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.