Гадаадын хөрөнгө оруулалт энэ онд 800 сая ам.доллар болжээ

 “Гадаадын хөрөнгө оруулалтын эрхзүйн орчинг сайжруулах нь” сэдэв хэлэлцүүлэг ХЗДХЯ-нд болж байна. Энэ оны эхний 8 сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 0.8 тэрбум ам.долларт хүрээд буйг Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Р.Батжаргал өнөөдрийн хэлэлцүүлэг дээр мэдээллээ. Тэрээр сүүлийн жилүүдийн өмнөх дүнг харахад чамлалттай тоон үзүүлэлттэй явж ирснийг хэлж байв. Тодруулбал, өнгөрсөн 30 жилд манай улсад 35.7 тэрбум ам.долларын хөрөнгө оржээ. Гэхдээ эдийн засагт томоор, эерэг нөлөөлдөг, ДНБ буюу эдийн засгийн өсөлт шууд хамаардаг гадаадын хөрөнгө оруулалт дээр эрхзүйн орчинг тодорхой, тогтвортой болгох зүйл мундахгүй байгааг хэлэлцлээ.


Манай улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 41 хувийг Оюутолгойн уурхайн төсөл эзэлж байна. 



Тухайлбал, хөрөнгө оруулалт дээр төрийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулж, хяналтыг давхардуулалгүй цөөлөх талаар хөндлөө. Мөн хууль эрхзүйн хоорондын зөрчил, маргаан, хийдэл, удаан хойрго байдал, сөрөг нөлөө, давхардлыг арилгахгүй бол гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжээд ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгааг ярьж байна. Төрийн институцийн тогтвортой бодлого, үйл ажиллагаа гадаадын шууд хөрөнгө оруулалт болон бизнесийн урт хугацааны төлөвлөлтийн үйл ажиллагаанд чухал нөлөөлдөг. Тиймээс манай улс Гадаадын хөрөнгө оруулалт тухай хуулийг шинэчилж байна. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт нь:

  • Шинээр хөрөнгө оруулалт татах,
  • Нэгэнтээ орж ирсэн хөрөнгө оруулалтын тогтвортой үйл ажиллагааг хангах гэсэн хоёр зүйлд чиглэж буйг тодотголоо.
  • Энэ оны эхний 8 сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 0.8 тэрбум ам.долларт хүрээд байна.