Сургуулийн орчмын хүнсний худалдааны газруудад гарал үүсэл, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн их байгааг илрүүлжээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг төрийн өмчийн 17, төрийн бус өмчит 6 ЕБС-ийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй 64 худалдааны газарт НМХГ-аас хүнсний бүтээгдэхүүний худалдаалалтын байдалд хяналт шалгалт хийжээ. 


Эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/369 дүгээр тушаалын хавсралтад заасан “Сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ын хавсралтад заасны дагуу шалгалтад супермаркет, ая тухтай дэлгүүр, мини маркет, 38 хүнсний дэлгүүр, 10 хүнсний мухлаг , ТҮЦ  хамрагдав. 

Шалгалтаар худалдааны газруудад хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл тодорхойгүй, Хятад улсад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд, хаана, ямар нөхцөлд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа зөрчил түгээмэл байна. Хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалж буй зөрчил шалгалтын 31.3 хувьд илэрснийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулжээ.

Хүнсний худалдааны газруудад  Эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/369 дүгээр тушаал, сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт”-ын хавсралтад заасан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх мэдэгдлийг хүргүүлж, “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч танд” хууль, эрх зүйн эмхэтгэл, гарын авлага, ном хүргүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.