Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бүсийн захирал Чанхи Лийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ILO/-тай өнгөрсөн хугацаанд үр дүнтэй, тогтвортой нягт хамтран ажиллаж ирснийг онцлоод бодлого зорилтынхоо талаар танилцуулсан юм. Тэрээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэх, ажилгүй иргэдэд ур чадвар эзэмшүүлж ажилтай орлоготой болгох, залуучуудад ажил хөдөлмөрийн талаар эерэг хандлага бий болгох, халамжийг хэрэгцээтэй хүнд нь хүргэх талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн хүний хөдөлмөрлөх эрхийг хангах, олон улсын хөдөлмөрийн стандартуудтай холбогдох бодлого, стратегиа нийцүүлэхэд анхаарна гэлээ.
Ноён Чанхи Ли, “Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд хөдөлмөрийн хяналт чухал юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх, зүйл заалтыг оролцогч талууд ухаалгаар ашиглахад дэмжлэг үзүүлэх боломжтой” гээд Монгол Улсад зохистой хөдөлмөрийг бий болгоход бүсийн захирлын хувьд хүчин чармайлт гарган дэмжинэ хэмээв.