ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ТХЗ-ЫН АСУУДЛААР УЛААНБААТАР ХОТОД ЧУУЛЖ БАЙНА

Энэ сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд 2022” Зүүн хойд Азийн чуулга уулзалт болж байна. Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг-Нийгмийн Комисс (ESCAP), НҮБ-ын Монгол дахь Суурин Зохицуулагчийн газар хамтран зохион байгуулж байгаа тус чуулганд Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгэм, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцож, бүс нутгийн түвшинд ТХЗ-ын хэрэгжилтийн явц болон түүний ахиц дэвшил, тулгамдаж буй саад бэрхшээлүүдийг хэлэлцэж, харилцан туршлага судалж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож байна.
2017 оноос хойш 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус чуулга уулзалтын үеэр дараах сэдвүүдийг хэлэлцэж байна.

• Өлсгөлөнг зогсоох болон Хүнсний аюулгүй байдлыг хангах (ТХЗ 2) 
• Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах (ТХЗ 6)
• Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх (ТХЗ 7)
• Инноваци болон дэд бүтцийг хөгжүүлэх (ТХЗ 9)
• Тогтвортой хот, иргэдийн оролцоог дэмжих (ТХЗ 11)
• Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх (ТХЗ 17)