ҮСАХ-ийн 10.2 га газрыг тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болжээ

НИТХ-ын хуралдаанаар Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу Хүүхдийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын саналыг бүрэн дэмжлээ.

Ингэснээр ҮСАХ-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авч, цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, ҮСАХ-ийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар мэдээлэл хийв.

Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ярихдаа, “Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн эзэмшилд байгаа 10.2 га газрыг хуулийн дагуу НЗДТГ-т шилжүүлж, тусгай хэрэгцээнд бүртгэн уг газрыг зөвхөн цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөл бүрдүүллээ. Тохижуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шуурхай зохион байгуулна. Ингэхдээ бүх насныханд зориулан амралт, зугаалгын цогцолбор, соёл амралтын хүрээлэн, тоглоом, олон нийтийн соёл, спорт, урлагийн үйлчилгээ үзүүлэх, үйл ажиллагаа зохион байгуулах боломж бүрдүүлнэ. Төслийг 2024 онд багтаан дуусгахыг НИТХ-аас үүрэг болгосон. Энэ бүтээн байгуулалтыг “Рио тинто” компанитай хамтран намраас ирэх хавар хүртэл хийнэ” гэв.

Түүнчлэн, дээрх хурлаар нийслэлийн төсөвт төвлөрүүлэх мөнгөн дүнг нэмэх шийдвэр гаргав. Төсөл хэрэгжүүлэгчдээс 2015, 2016 онд нийслэлийн төсөвт 698 сая төгрөг төвлөрүүлсэн ч Олимпын гүүрний бүтээн байгуулалттай холбоотой тасалдсан. Тэгвэл жилд 800 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, цаашид төслийн бүтээн байгуулалт дуусаж, үйл ажиллагаа жигдрээд ирэх үед нэмэлт хөрөнгө төвлөрүүлэхээр хөрөнгө оруулагчтай тохиролцжээ. Бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулагчидтай тохиролцсоны дагуу Хүүхдийн парк нь Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн жилийн 4 улиралд үйлчлэх боломжтой болж байгаа аж.

Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр “Манай орны хувьд “Диснейлэнд" шиг парк байгуулахад хүндрэлтэй. Цаг агаарын эрс тэс уур амьсгалтайгаас гадна тоглоомын элэгдэл их байдаг. Жил бүр тоглоомоо тодорхой хэмжээнд шинэчилдэг ч цар тахлаас шалтгаалан 2021-2022 онд чадаагүй. Төслийн 2 дугаар үе шат хэрэгжсэнээр санхүүгийн хувьд бие даах боломжтой болж, жил бүр тоглоом шинэчилнэ. Нийслэлийн удирдлагуудтай хэлэлцүүлэг хийсний дүнд төслийг үргэлжлүүлэхээр боллоо. Хоёрдугаар ээлжийн төслийн хүрээнд дотор байгууламжийн тоглоом, урлагийн байр, үйлчилгээний газар барина. Гол нь Монголчууд, нийслэлийн иргэд жилийн 4 улирал үйлчлүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх цогцолбортой болно гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

Ийнхүү өнгөрсөн хавар /2022.03.18/ хашааг нь буулгасан 10.2 га газрыг тусгай хэрэгцээнд авч, 3 жилийн хугацаанд цэцэрлэгт хүрээлэнгээс гадна битүү дээвэртэй тоглоомын төв, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол, худалдаа үйлчилгээний төв, 1000 автомашины газар доорх зогсоол зэргийг барьж, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай  байгуулахаар төлөвлөжээ.