Монгол улсын Засгийн газраас хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, эрчимжүүлэхэд онцгой анхаарч Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусган, Хавдрын эсрэг арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа билээ.
Монгол улсад сэргийлэх боломжтой өвчнөөр иргэдээ алдахгүй байх, тэр дундаа хорт хавдрыг өвдсний дараа биш өвдөхөөс нь өмнө илрүүлж оношилдог тогтвортой, чадавхитай бүтэц, хорт хавдрын өвчлөл, нас баралтыг хянах нэгдсэн тогтолцоог бий болгох хэрэгцээ шаардлага нэн өндөр байна. Хэдийгээр аймаг, дүүргүүдэд хавдрын эмч мэргэжилтэн бүхий кабинетүүд ажиллаж байгаа боловч хүртээмжгүй, чадавхи сул байгаа нь ялангуяа алслагдсан аймаг, дүүргийн иргэд тусламж үйлчилгээнд цаг алдалгүй, түргэн шуурхай хандах боломжийг хязгаарлаж байгаа юм.
Өнгөрсөн 7-р сард БНХАУ-ын Энхтайвны сангийн дэмжлэг, Хятадын ард түмний хөрөнгөөр БНХАУ-д үйлдвэрлэсэн, хавдрын хөдөлгөөнт эрт илрүүлэг хийх зориулалтаар тоноглосон, 1 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий автобусыг ЭМ-ийн сайд ХСҮТ-д хүлээлгэн өгсөн билээ. Энэхүү автобусанд эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, цээжний рентген, ЭХО, зүрхний цахилгаан бичлэгийн аппаратууд, үзлэгийн ор зэргийг суурилуулсан юм.
Манай улсад зонхилон тохиолдож буй элэг, ходоод, уушиг, умайн хүзүү, хөхний хавдрын эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийх бүрэн боломжтой, сүүлийн үеийн техник хэрэгслэлээр тоноглогдсон, эмч, сувилагчийн ажлын байр бүхий энэхүү автобусаар ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар алслагдсан, эмзэг бүлгийн хүн амд тусламж үйлчилгээгээ хүргэх, анхан болон хоёрдах шатлалын эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сурган чадавхижуулах, хүн амын дунд хавдрын эрт илрүүлгийн ач холбогдлыг сурталчлан таниулах боломжийг олгож байна.
Өнөөдөр энэхүү автобусаар анхны эрт илрүүлгийн үзлэг оношилгоог БЗД-ийн 23-р хорооны иргэдэд хийхээр ХСҮТ-ийн элэг цөс, нойр булчирхайн мэс засал, толгой хүзүүний мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, ЭХО, рентген, зүрх судасны эмч нар болон БЗД-ийн мэдрэл, чих хамар хоолойн эмч нарын баг ажиллаж байна.
Эх сурвалж: ЭМЯ