Япон, АНУ, БНСУ-ын дипломатчид БНАСАУ цөмийн туршилт хийсэн тохиолдолд “тодорхой алхмууд”-ыг авч хэрэгжүүлэхээ амласан талаар Японы Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдээлжээ.
Японы Гадаад хэргийн яамны Ази, Далайн орнуудын асуудал эрхэлсэн товчооны дарга Такэхиро Фүнакоши, БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким, Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан БНСУ-ын тусгай төлөөлөгч Ким Гун нар Токио хотноо гурван талын уулзалт хийх үеэрээ ийнхүү тохиролцсон байна.
Мөн талууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин баллистик пуужингийн туршилтаа хийсээр байгаа БНАСАУ-ыг тогтоон барих хүчээ бэхжүүлэхийн тулд гурван орны аюулгүй байдлын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ.
БНАСАУ-ыг цөмийн долоо дахь удаагийн, 2017 оны есдүгээр сараас хойших анхны туршилт хийх бэлтгэлээ хангасан гэж үзэж байгаа бөгөөд тун удахгүй явуулж магадгүй хэмээн таамаглах болоод байгаа юм.
"Пёньян цөмийн болон пуужингийн бүтээн байгуулалтаа түргэтгэж байгаад “ихээхэн санаа зовниж” байгаагаа талууд илэрхийлээд, цөмийн туршилт хийсэн тохиолдолд “шийдвэртэй хариу арга хэмжээ авах” шаардлагатай талаар гурван тал тохиролцсон" гэж яамны төлөөлөгч мэдээлжээ. Гэхдээ ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.