БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Узбекистанд ирэх долоо хоногт болох дээд хэмжээний уулзалтын үеэр уулзана гэж Бээжинд суугаа Оросын Элчин сайд Андрей Денисов өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлснийг ТАСС агентлаг мэдээлэв.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтын үеэр болох төлөвтэй байгаа энэхүү уулзалт нь Орос энэ оны эхээр Украин руу довтолсноос хойших хоёр орны удирдагчдын нүүр тулсан анхны уулзалт болох юм.
Мөн Ши Жиньпиний хувьд коронавирусний цар тахал дэгдсэн үеэс хойш хилийн чанадад хийх анхны айлчлал нь болно.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Самарканд хотноо болох юм.