Монгол Улсад уул уурхайн салбар байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд “Coal Mongolia-2022” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулган “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд” хэлэлцүүлгээр эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн илтгээлтэд, нүүрсний эрэлт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ цаг үед зөв удирдлагатай хамтран ажиллах шаардлагатай байна гээд хил, гаальтай холбоотой олон сөрөг хүчин зүйл байгаа ч уул уурхайн салбарт нэлээд ажил амжуулсныг дурджээ. Тодруулбал, Ганшуунсухайтын боомтыг богино хугацаанд ашиглалтад оруулах гэж байна. Удахгүй Шивээхүрэнгийн боомтын ажил дуусна. Мөн Бичигтийн боомтыг ашиглалтад оруулснаар жилд 25 сая тн ашигт малтмал экспортлох боломжтой болно. Ингэснээр одоо байгаа 3 боомт 5 болж, манай улсын экспорт 2 дахин нэмэгдэнэ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уул уурхайн салбарт нүүрс гүн боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулна” гэжээ.
Уул уурхайн салбарыг орон нутагт сурталчлах, тогтвортой хөгжлийг бий болгох шаардлага тулгамдаад байгааг УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар энэ үеэр тэмдэглэж байв. Тэрбээр УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны даргаар хамгийн урт хугацаанд ажилласан туршлагадаа үндэслэн, цаашид салбар хоорондын уялдаа холбоог хангах, тээвэр ложистик, гадаадын хөрөнгө оруулалт татах, иргэдийн дунд уул уурхайн салбарын ойлголтыг дээшлүүлэх чиглэлд хичээн ажиллахаа онцлов. УУХҮЯ цаашид хариуцлагатай уул уурхайг дэмжих, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдийн эрх ашгийг хамгаалах, салбарын үйл ажиллагааг хааж боосон, бүрхэг зүйл гаргахгүйн төлөө мөн хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжин, өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарч ажиллана. Мэдээлэлд ойр байдаг нь эсвэл төр давуу эрхтэй байж болохгүй, төрийн бодлогоор дэмжиж, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаар ажлаа хийлгэх ёстойг “Coal Mongolia” чуулганы оролцогчдод хандаж хэлсэн юм.
Монгол Улс нүүрс олборлолтоороо дэлхийд 17-д бичигддэг бөгөөд нүүрсний 15 сав газартай, 307 лицензтэй, чулуун нүүрсний 29, нийт 44 уурхайтай. Нийт 33 тэрбум 200 сая тонн нөөцтэй гэсэн статистик бий. Цар тахлын өмнө буюу 2019 онд 51,128,600 тонн нүүрс олборлосон нь дээд амжилт байлаа. Өнгөрсөн онд БНХАУ 55 сая тонн коксжих нүүрс импортоор авсны 26 хувь буюу 14 сая тонныг манай улсаас нийлүүлжээ.
Уул уурхайн салбар Монгол Улсын ДНБ-ий 24, аж үйлдвэрийн салбарын 67, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76, экспортын 93 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд төсвийн орлогын 29,6 хувь буюу 4,114,4 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
Арав дахь удаагаа зохион байгуулагдаж буй чуулга уулзалт, үзэсгэлэн “Сэргэлтийг хамтдаа” уриан дор хоёр өдөр үргэлжлэх бөгөөд УУХҮЯ, Монгол Нүүрс Ассоциаци, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, “Эрдэнэс Монгол” ХХК, MERA Групп, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн /ERI/ зэрэг төрийн болон ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.
Энэ удаагийн чуулгаар манай улсын нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлох, салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэх, болоовсруулах үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, компанийн нийгмийн хариуцлагын харилцааг төлөвшүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээврийн нөхцөлийг сайжруулах зорилготой аж.
Оролцогчид шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд, уул уурхайн салбар дахь технологийн дэвшил инновац, нүүрсний зах зээл дэх өөрчлөлт түүний дүн шинжилгээ сэдвийн хүрээнд ярилцаж байна.
Чуулга уулзалтыг “Гложекс консалтинг” ХХК, Монгол нүүрс ассоциаци, БНХАУ-ын нүүрсний зах зээлийн судалгаа зөвлөх үйлчилгээний "Түдэй Тинк Танк", нүүрсний худалдааны платформ хөгжүүлэгч "Фэнвэй Энержи информэйшн сервисес" ХХК хамтран зохион байгуулж байна.