Украины “Запорожье” атомын цахилгаан станцад халдсаар байгааг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ тэргүүн Рафаэль Гросси “хүлээн зөвшөөршгүй” хэмээн тодорхойлоод, байгууламжийн дотор болон ойр орчмыг аюулгүй, цэрэггүй бүс болгохыг уриалжээ.
“Бид галаар наадаж байна, маш аюултай зүйл тохиолдож болзошгүй байна” гэж Р.Гросси НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд дүрс бичлэгээр дамжуулан мэдээлэл өгөх үеэрээ сэрэмжлүүлсэн байна. Тэрбээр үргэлжлүүлэн, иймд бид тайландаа цөмийн аюулгүй байдал, хамгаалалтын бүсийг станцаар хязгаарлахыг санал болгож байна гэж хэлжээ.
Мөн МАГАТЭ ийм бүс байгуулах талаар дорвитой алхам хийхэд талуудтай нэн даруй яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгааг тодотгосон байна.
Мягмар гарагт МАГАТЭ-гийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт атомын цахилгаан станцад шинжээчдийн багийг ахлан хийсэн үзлэг шалгалтынхаа талаарх тайланг танилцуулжээ. Үүнд Р.Гросси болон түүний багийнхан үйлдвэрт их хэмжээний хохирол учирсан байсан тухай бичсэн боловч аль нэг талыг буруутгаагүй байна.
Энэ оны гуравдугаар сарын эхээр цэргүүд нь атомын цахилгаан станцыг хяналтдаа оруулсан Орос, инженерүүд нь станцын үйл ажиллагааг хариуцаж байгаа Украины талуудын аль аль нь харилцан бие биенээ байгууламж руу гал нээсэн хэмээн буруутгаж байгаа юм.
МАГАТЭ-гийн шинжээчид станцын дотор Оросын цэрэг, техник, тэр дундаа турбинуудын ойролцоо цэргийн тээврийн хэрэгслүүд байрлуулсан байгааг илрүүлжээ. Тэд мөн ажилтнуудын нөхцөл байдлын талаар судалсан бөгөөд “байнгын өндөр стресстэй, дарамт шахалт дор” ажиллаж байгаа тул алдаа гаргаж болзошгүйг тайландаа дурдсан байна.