Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол дахь НҮБ хамтран зохион байгуулж буй “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Уг олон улсын хурал боловсролын салбарын шинчлэлийг хурдасгах, хүнсний тогтвортой тогтолцоог бий болгох, хүртээмжтэй эдийн засгийг тэтгэж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зэрэгт томоохон түлхэц болж буй цахим шилжилтийн талаар улс орнуудын туршлага солилцох зорилготой юм. Өнөөдрийн хурлаар цахим ажлын байр, цахим шилжилт хийж буй улс орнуудын туршлагын талаар ярилцаж буй юм.
Тухайлбал, Америкийн Үндэстэн дамнасан технологийн корпорацийн Ази, Номхон далай, Япон, Хятадыг хариуцсан захирал Кларенс Барбоса, “Өмнө нь дижитал шилжилт хийхэд Засгийн газар ард иргэдэд туслах үүрэг нь ингэж чухлаар тавигдаж байгаагүй. Ялангуяа цар тахлын хүчин зүйлс, дэлхийн хэмжээний томоохон үйл явдлуудтай холбогдуулан иргэд өдөр тутамдаа тулгамдаж буй сорилтыг давахад олон үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай бий болж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийт ирээдүйд уян хатан, тэсвэртэй байхын тулд 10 их наяд ам.доллар зарцуулсан байна. Тэгэхээр бид энэ ирээдүйг хэрхэн харж байна вэ. Ерөнхийдөө бүх субьектыг багцаар нь авч үзэхэд санхүүгийн ахлах мэргэжилтнүүдийн 54 хувь нь алсын зайнаас ажиллахыг байнгын сонголт болгож байна. Энэ бол маш том өөрчлөлт. Мөн зарим хэсэг нь зайнаас болон ажлын байрнаас ажиллах хосолмол орон зайг бий болгож байна. Цахим шилжилтийг хийхэд бүх Засгийн газарт гурван асуудал тулгамдаж байгаа. Нэгдүгээрт, бүтээмжийг хэвийн хадгалах. Тэгэхээр хосолсон орчинд ямар нэгэн байдлаар холбоотой байж, ажилтныхаа орчинг сайжруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, бодлого, технологийг нэгтгэх. Мэдээж хэрэг албан тасалгаанд ажиллахад хялбар байсан. Одоо байдал өөрчлөгдөж байгаа тул бодлого боловсруулахаас эхлээд бүх үйл явцыг нөхцөл байдалдаа нийцүүлэх шаардлага тулгарч байна. Гуравдугаарт, аюулгүй байдал, нууцлалыг хангах. Энэ бол Засгийн газруудын шийдвэрлэх шаардлагатай нэн чухал асуудал болж байна. Тэгэхээр энийг даван туулахын тулд ажиллах хүч, ажлын байрны нөхцөл байдлыг эргэн харах, төрийн үйлчилгээ, халамж, тусламжийг үргэлжлүүлэх шаардлагатай. Ялангуяа тээврийн салбарт энэ ажлыг сайжруулах хэрэгтэй байна. Засгийн газрууд нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг цахимаар хүргэхийг зорьж байгаа. Манай байгууллага хууль тогтоогч нарт зориулсан “Вебекс” хэмээх платформ бий болгосон. Мөн өвчтөнүүд цахимаар бие үзүүлэх боломжийг бүрдүүлсэн “Tele-Health” платформ байна. Түүнчлэн өвчтөн байгаа газар шууд очиж үйлчлэх зөөврийн эмнэлэгийн “Mobile Clinic” платформ нэвтрүүлсэн” гэлээ.
Индонез улсын Засгийн газрын Харилцаа холбоо, мэдээлэл зүйн яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Дени Сетиаван, “Манай улс Зүүн өмнөд Азийн бүс нутагт оршдог, олон аралтай. Тиймээс алслагдсан бүс нутагтаа хүрч ажиллахад мэдээллийн технологи, харилцаа холбоог хөгжүүлэх нь чухал. Манай улс 277.7 сая хүн амтай. Гэхдээ үүрэн телефоны хэрэглэгч давхардсан тоогоор 370.1 сая байна. Гэхдээ 26.3 хувь нь интернетэд холбогдож чадаагүй л байгаа. Тиймээс бид төр, хувийн хэвшилд түшиглэн шилэн кабелийн сүлжээг сайжруулахыг зорьж байна. Үүний тулд дөрвөн гол зүйлд анхаарч байна. Нэгдүгээрт, найдвартай, чанартай интернетийг нийтэд хүртээмжтэй болгох. Хоёрдугаарт, хувь мэдээлэл хамгаалал, аюулгүй байдал. Гуравдугаарт, цахим орчин дахь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх. Дөрөвдүгээрт, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх. Манай улсын Ерөнхийлөгч “Үндэсний цахимжуулах хөтөлбөрийн тухай” 5 үндсэн чиглэл өгсөн. Тухайлбал, интернет холболтыг хурдасгах, стратегийн гол салбаруудад цахим шилжилтийн зураглалыг гаргах, Үндэсний дата төв байгуулах, цахим салбарын хүний нөөцийг бэхжүүлэх зэрэг үүрэг өгсөн юм. Ингээд Индонез улс 5G сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байна” хэмээв.
“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурал үргэлжилж байна