"Coal Mongolia" чуулга уулзалт 10 дахь жилдээ зохиогдохоор болжээ

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia 2022” чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 7-8-нд “Шангри Ла” зочид буудалд “Сэргэлтийг хамтдаа” уриан дор болох гэж байна.


10 дахь удаагийн “Coal Mongolia 2022” чуулга уулзалт 6 хэсгээс бүрдэх юм. Эхний хэсэг нь “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд” сэдвээр үргэлжлэх юм. Тус хэсэгт УУХҮЯ, “Монгол Нүүрс ассоциац”, Монголын Уул уурхайн үндэсний ассоциац, “Эрдэнэс Монгол”, “MERA групп” болон Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн /ERI/ зэрэг төрийн болон ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл оролцох юм.

Тухайлбал, “Монгол Нүүрс Ассоциац”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Монголын нүүрс үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудал” сэдвээр, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хөрөнгө оруулалт ба хууль эрх зүйн орчин” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэх юм.


Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний олборлолт, үйлдвэрлэлд өрөмдлөг, тэсэлгээ хамгийн чухал байдаг. Үүнтэй холбогдуулан “MERA групп”-ийн гүйцэтгэх захирал Н.Түмэндэмбэрэл “Force majeure-ийн үед уул уурхайн салбарыг тэсэлгээний материал, хэрэгслээр хангах нь” сэдвээр танилцуулах бол Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач З.Манлайбаатар “Монгол Улсын нүүрсний экспорт ба АМНАТ” судалгааны үр дүнг хуваалцана.

“Сэргэлтийг хамтдаа” уриа дэвшүүлсэн “Coal Mongolia 2022” чуулга уулзалтын энэхүү хэсэгт Монгол дахь Австралийн Худалдааны ТУЗ-ийн дарга Жулиен Лауренс оролцож, “Австрали, Монгол хоёр улсын нүүрсний экспортын бизнесийн харьцуулалт” илтгэл хэлэлцүүлэх нь. Энэ хэсгийн сэдвийн хэлэлцүүлгийг Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан чиглүүлэх юм.