“Google street view” дэх Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэхээр болжээ

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газраас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх ажлыг эхлүүллээ.

Ингэснээр интернэт хэрэглэгчдэд Улаанбаатар хотын тухай үнэн зөв, бодит, сүүлийн үеийн мэдээ мэдээллийг ойлгомжтой байдлаар хүргэх юм. Улаанбаатар хотыг дэлхийд таниулан, сурталчлах “Google” төсөл нь 2014 оноос хэрэгжиж эхлэн, өнөөдөр 2 дахь шатны нээлтээ хийж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дэлхийд Улаанбаатар хотыг төдийлөн сайн мэдэхгүй, нүүдлийн аж ахуй эрхэлдэг маягаар төсөөлөх нь бий. Энэ ойлголтыг залруулж, уламжлал, шинэчлэлийг хослуулж буй Улаанбаатар хотын хөгжил, монгол өв соёл, уламжлалаа зөв сурталчлан таниулахын тулд мэдээллээ ямагт үнэн зөв оруулах хэрэгтэй. Нийслэлийн мэдээллийн урсгалыг зөв зүйтэй, шуурхай оруулж чадвал жуулчдын тоог ч нэмэх боломжтой. Иймд техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлж, энэ салбарыг хөгжүүлэхийн тулд бодлого, шийдвэрээр дэмжинэ” хэмээв.

“Google” төслийн хүрээнд Улаанбаатар хотын бүх гудамж, талбайн зургийг 360 градусын өнцгөөр авч, “Google street view”, “Google map”-д 2014 онд оруулсан аж. Үүнээс хойш 7-8 жилд хотын дүр зураг өөрчлөгдөж, мэдээллийн сан дахь зураглал хуучирсан тул шинэчлэх шаардлагатай болжээ.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий төслийн талаар ярихдаа, “Google-ээс Монгол Улс, Улаанбаатар хотын тухай мэдээлэл хайхад үнэн зөв, бодит мэдээ мэдээлэл зөвхөн бичвэр байдлаас гадна зураг, дүрс бичлэгээр гарч ирдэг байх хэрэгтэй. Бүх гудамж, замын зургийг шинэчилснээр иргэд шинээр бий болсон авто замын сүлжээг интернэтээр харах боломжтой. Мөн түгжрэл их үед явах дөт, ачаалал багатай замыг хайх боломж бүрдэнэ. Нийслэлийн зураглалыг шинэчлэхдээ гудамж, талбай, байгууламжаас гадна барилга доторх зургийг оруулна. Төрийн үйл ажиллагаа иргэдэд ойр, нээлттэй байх үүднээс төрийн бүх байгууллага хаана, аль барилгын, хэдэн давхарт байгааг харах боломжтой байдлаар оруулахаар төлөвлөж байгаа. Улаанбаатар хотын зураглалыг авахдаа "Барс моторс" ХХК-ас хандивласан, Монголын хамгийн анхны цахилгаан машин ашиглана. Энэ машин нэг цэнэглэлтээр 300 км явах хүчин чадалтай. Ингэснээр бага зардлаар нийслэлийн 10,000 км замын зургийг авах боломжтой” гэсэн юм.

Ташрамд дурдахад, Монгол Улс “Google street view”-д 2014 оны 10 дугаар сард тус платформд нэгдэж орсон 61 дэх улс нь болсон билээ.