МАГАТЭ-гийн шинжээчид “Запорожье” станцад очжээ

 

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ шинжээчдийн баг Украины “Запорожье” атомын цахилгаан станцад очсон талаар Oросын хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлжээ.

Тодруулбал, НҮБ-ын бэлгэ тэмдэг бүхий тээврийн хэрэгслийн цуваа цэрэг, цагдаагийн тээврийн хэрэгслүүдийн хамтаар станцын бүс рүү нэвтэрч байгаа нь дүрс бичлэгээс харагдсан байна.

Өмнө нь Оросын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ, Украины цэргийнхэн МАГАТЭ-гийн ажлын хэсгийг нэвтрэхэд саад учруулахын тулд цахилгаан станцыг хяналтдаа оруулахыг оролдсон гэжээ.

Хоёрдугаар сарын сүүлээс хойш Москвагийн хяналтад байгаа, Европын хамгийн том атомын цахилгаан станцын ойр орчимд хэд хэдэн удаа их бууны сум туссан нь цөмийн сүйрэлд хүргэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.

МАГАТЭ-гийн хувьд станцад шинжээчдийнхээ байнгын төлөөлөлтэй болох зэргээр асуудлыг шийдвэрлэх олон хувилбарын талаар хэлэлцэх ажээ.