Австрали Улсын Аделайд хотод Гүний уурхайн нураан олборлох арга технологийн тухай олон улсын хурал болжээ

Австрали Улсын Аделайд хотноо зохион байгуулагдаж буй Гүний уурхайн нураан олборлох арга технологийн тухай олон улсын хурлаар Оюу толгой төслийн талаар эрдэм шинжилгээний дөрвөн илтгэл тавигдлаа. “Рио Тинто” компанийн Гүний уурхайн жишиг төвийн захирал Крэйг Стэгман Оюу толгой уурхай, Монгол улс блоклон нураан олборлолтын чиглэлээр дэлхийн уул уурхайд нэгэн шинэ эрин үеийг бий болгож байгааг илтгэлийнхээ үеэр онцлон хэлэв. Мөн их бүтээн байгуулалтын үр дүнд Монгол уурхайчид, мэргэжилтнүүд хүч түрэн гарч байгааг дурдсан юм.

Австралийн Геомеханикийн cудалгааны төвөөс зохион байгуулдаг тус хуралд энэ жил орон орны 500 гаруй гүний уурхайн мэргэжилтнүүд нэг дор цугларч, нураан олборлох талаар дэвшилтэт технологи, мэдлэг туршлага солилцож байна. Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан энэ жилийн хуралд Монгол Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй буюу 30 орчим хүн оролцож байгаа бөгөөд үүнд Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Монголын далд уурхайн инженерүүдийн холбоо, Оюу толгой, Рио Тинто нарын хамтарсан Техникийн ажлын хэсгийнхэн багтаж байна.