Дорнод аймгийн Политехникийн коллеж 22 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэнэ гэжээ

Дорнод аймаг дахь Политехник коллежид энэ хичээлийн жилд 22 мэргэжлээр 912 оюутан суралцана. Шинэ хичээлийн жилд тус сургуульд 360 оюутан элсжээ. Өнөөдөр болсон шинэ хичээлийн жилийн нээлтийн үеэр төгсөгчдийнх нь дийлэнх шууд ажлын байраар хангагддаг гэдгийг тодотгож байлаа. Энэ үеэр “Дорнод НАА” ОНӨААТҮГ тус сургуулийг төгссөн хоёр оюутныг ажлын байраар хангаж буйгаа дуулгасан.

Ташрамд дуулгахад, тус коллеж нь уул уурхай, ХАА, авто тээвэр, бизнес худалдаа, аж үйлдвэрлэлийн чиглэлийн таван салбарын 49 мэргэжлийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй.

Бүс нутаг, орон нутгийн хэмжээнд хөдөлмөрийн зах зээлийн судалгааг авч ашиглахдаа аймгийн ХХҮГ-ын суурь судалгаанд тулгуурлан ажилладаг бөгөөд, 2020 онд Европын холбооны SECiM төсөл, Дорнод аймгийн ЗДТГ, ХХҮГ-тай хамтран “Албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт 2020” суурь судалгааг 14 сумын хэмжээнд хамтран хийж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтээ тодорхойлсон юм.