Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа байгуулагдсан Засгийн газар эхний хуралдаанаараа иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлж, бодит орлогыг бууруулж буй үнийн өсөлтийг хэрхэн шийдэх тухай хэлэлцсэнийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.
Монгол Улсын инфляцын түвшин энэ оны эхний 7 сарын байдлаар 15,7 хувьтай байсан бол 8 дугаар сарын дундуур 14.1 хувь болж багассан байна. Үүнд мах, хүнсний ногооны үнийн бууралт нөлөөлсөн нь улирлын шинж чанартай өөрчлөлт юм. Харин төлбөрийн тэнцлийн алдагдал 1.3 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 1 тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Цаашид төгрөгийн ханшийн сулралт нь инфляцид нөлөөлөх гол суурь хүчин зүйл байх эрсдэлтэйг сайд Ч.Хүрэлбаатар онцоллоо. Тэрбээр, “Дэлхий нийтэд үнийн өсөлт үргэлжилж буй энэ үед тээвэр зуулчлалд онцгой анхаарч, монголчуудын өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн дарамтыг барих холбогдох арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Цаашид үнийн өсөлтөд голлон нөлөөлөх зүйл нь төгрөгийн сулралт байх хандлагатай тул Засгийн газар энэ талын бодлогоо мөнгөний бодлоготой уялдуулах шаардлагатайг холбогдох сайд нарт үүрэг болгосон”-ыг дурдсан юм.