Тариалангийн бүс нутагт ирэх сарын дундуур нойтон цас орж цочир хүйтрэх төлөвтэй

Улсын хэмжээнд энэ онд 588.5 мянган га талбайг тариалсан. Үүнээс 378.1 мянган га-д үр тариа, үүнээс 353.1 мянган га-д улаанбуудай, 19.9 мянган га-д төмс, 11.1 мянган га-д хүнсний ногоо, 57.4 мянган га-д малын тэжээл, 117.4 мянган га-д тосны ургамал, 4.6 мянган га-д жимс, жимсгэнэ тариалаад байна.

Ургацын урьдчилсан балансаар 470.3 мянган тонн үр тариа, үүнээс 441.4 мянган тонн улаанбуудай, 234.1 мянган тонн төмс, 125.8 мянган тонн хүнсний ногоо, 55.7 мянган тонн тосны ургамал, 104.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байгааг ХХААХҮЯ мэдээлэв.

Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 68 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэхээр байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл ган, мөндөрийн улмаас 13.2 мянган га талбайн ургац алдаж, болц дутуугаас 11.4 мянган га талбай ногоон тэжээлд шилжсэнээр, нийт 24.6 мянган га талбайн ургац балансад тусгагдаагүй аж. 

ЦУОШГ-ын мэдээллээр, 9 дүгээр сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тундас нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологи боловсруулж тариалачдад хүргэх, ургац хураалтыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагын оролцоо, ажлын уялдаа холбоог хангахад ХХААХҮЯ анхаарч байна.

Намрын ургац хураалтын явцын талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Э.Уламбаатараас тодруулахад, “Энэ жил таримлын болц харьцангуй жигд, урьд жилүүдийнхээс 5-7 хоногийн өмнө ургац хураалт эхэлсэн тул хураан авах ургацын хэмжээ, чанарт эерэгээр нөлөөлөхөөр байна. Одоогоор Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгаас 2399 оюутан, 2377 цэргийн алба хаагч, нийт 4776 хүн ургац хураах хүсэлт ирүүлсэн. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 550.2 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 186 мянга, хувийн хэвшилд 364.2 мянган тонн нь ашиглагдаж байна. Одоогоор элеваторуудад ариутгал, засвар үйлчилгээ хийж буудай хүлээн авахад бэлтгэсэн” хэмээв.

Ургац хураалтад нийт 1041 комбайн, 587 ширхэг жатка, 220 гаруй үтрэм, 389 ширхэг үр тариа цэвэрлэх машин, 316 ширхэг үр тариа ачигч машин, 72 ширхэг төмс хураах комбайн, 417 ширхэг төмс ухагч, 69 ширхэг төмс, хүнсний ногоог ангилах сортлох машин ажиллана. Техник засвар 80 гаруй хувьтай байгаагийн зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн үр дүнд диллер аж ахуйн нэгжүүд өндөр хүчин чадлын 40 гаруй комбайныг ургац хураалтаас нийлүүлэхээр бэлтгэж байна. Ургац хураалтад ажиллах техникийн иж бүрдлээр тооцоход хураалтыг 26-30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрджээ.

Төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын орлогыг дэмжих үүднээс нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 31 байршилд томоохон төвлөрсөн цэг байгуулж, дүүрэг, хороо, хорооллын дунд төмс, хүнсний ногооны борлуулалтыг чөлөөтэй хийх боломж олгож байгаа аж.