Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ээлжит мэдэгдэлдээ Украинд ирсэн Олон Улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүд оросуудын бүслэлтэд ороод буй Запорожийн Атомын цахилгаан станц руу нэвтэрч чадахгүйгээс болж ажлаа эхлүүлэх боломжгүй байна гэжээ.
"Түрэмгийлэгчид станцыг орхилгүй буудсаар байна, атомын цахилгаан станцын нутаг дэвсгэрээс зэвсгээ авч явахгүй байна. Тэд цөмийн мэргэжилтнүүдийг маань айлгаад байна" гэж Зеленський хэлэв. Тэрээр Украины эрх баригчид Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тусламжтай атомын цахилгаан станцад эргээд хяналтаа тогтоож, Запорожийн АЦС-ыг нэн даруй цэрэггүй бүс болгохыг уриалжээ.
Түүнчлэн Зеленський Москва есдүгээр сарын эхэн гэхэд Донецк мужийн бүх нутаг дэвсгэрт хяналтаа тогтоох зорилгоо биелүүлж чадсангүй гэв.
"Оросын цэргийн командлал Донецк мужийг наймдугаар сарын сүүлчээр эзлэн авах даалгавартай байсан. Гэвч наймдугаар сарын сүүлч нь маргааш болж байна. Донбасст оросууд өдөр шөнөгүй галлаж, түрэмгийлэгчид янз бүрийн хөлсний цэрэг, ялтнуудыг зөөвөрлөж байгаа ч Украины туг, Украины баатрууд байсаар байна" гэв.
Эх сурвалж: ВВС