УИХ-ын ээлжит бус чуулганыг хаажээ

УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган өгчигдөр хаажээ.


Ээлжит бус чуулган төлөвлөсөн асуудлуудаа бүрэн хэлэлцсэн гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо. Тэрбээр, “Үндсэн хуулийн цэцийн 2 дугаар тогтоолоор “Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно” гэсэн утгатай заалтыг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотой асуудлыг УИХ ээлжит бус чуулганаар хэлэлцлээ. ҮХЦ-ийн шийдвэр гарсан даруйдаа хүчин төгөлдөр болсон тул УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүний үндсэн дээр Үндсэн хуульд өөрчлөлт орууллаа. Түүнд нийцүүлж Засгийн газрын тухай хуульд ч өөрчлөлт оруулсан. Ингээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналаа танилцуулсныг хуулийн хүрээнд шийдсэн. Ингээд шинээр орсон Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөж, ажилдаа орлоо. Тиймээс хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэдийн хүлээлтэд нийцүүлж, тулгамдсан болон бодлогын асуудлаа шуурхай шийдвэрлэх үүрэг шинэчлэгдсан Засгийн газрын бүрэлдэхүүнд ногдож байна. УИХ Засгийн газрын бүрэн дэмжихийн зэрэгцээ хариуцлага, сахилга, ёс зүйг шаардах болно” гэлээ.


Ийнхүү энэ сарын 22-нд нээсэн УИХ-ын ээлжит бус чуулган хаав.