Өвөрхангай аймгийн “Эрдэнэ Зуу” музейн өмнөх бизнес, үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10.5 га газрыг “Аялал жуулчлалын гудамж” болгон тохижуулж байна. Аймгийн Засаг дарга А.Ишдорж тус суманд ажиллаж, уг бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдийг ажлаа эрчимжүүлэхийг шаардлаа.

“Хархорин АЗЗА” ТӨХК, “ДШЛ” ХХК, “Өв Дулаан” ХХК хамтран газар доорх инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, хайс, явган замын байгууламж, гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.

Мөн “Эрдэнэ Зуу” музейн өмнөх бизнес, үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлж, нэг өнгө, загвартай, чанартай, дөрвөн улирлаар ажиллах боломжтой, халаалт, дулааныг зохицуулсан, хэрэглээний халуун, хүйтэн ус, камержуулалт, галын дохиоллыг шийдсэн үйлчилгээний төв барихаар зураг төслийг боловсруулжээ. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга тус цэгт бизнес эрхлэгчидтэй уулзаж, санал солилцсон юм.

Одоогоор тэнд 46 иргэн тус бүр 54 м2 талбайг ашиглан худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж. Шинэ барилгыг 34 үйлчилгээний цэг, 22 цайны газартайгаар зураг төсвийн дагуу барьж, ирэх хавар гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг