Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурлын гишүүд Архангай, Өвөрхангай аймаг буюу шинэ Хархорум хот байгуулахаар судалж буй Орхоны хөндийд ажилласан.
Хот байгуулахад тохиромжтой газар нутгийн судалгааг 2004, 2010, 2021 онд Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур сумдын нутагт байрлах Тоглохын тал газрын 40,446.3 га талбай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн тусгай хамгаалалттай газрын хилээс зүүн тийш Онгоцон хөндий, Гурвалжин уул, Их номт овоо хүртэлх 41431.5 га талбайг хамруулан хийсэн байдаг.
Судалгаагаар нийслэлийн баримжаатай шинэ хот байгуулахад талбай, хөрс, гүний усны нөөцийн хувьд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуурын 168,642.4 га талбай хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт гарсныг онцлов.
Түүнчлэн засаг захиргааны бүтцээр нь тодорхойлбол, Орхоны хөндийд орших Архангай аймгийн Өгийнуур, Өлзийт, Хотонт, Хашаат, Булган аймгийн Могод, Гурванбулаг, Сайхан, Өвөрхангай аймгийн Хархорин зэрэг нийт гурван аймгийн найман сум 46 баг хамрагдаж байна.
Дэд бүтцийн хувьд түүх соёлын үнэт олдворуудыг түшиглэн аялал жуулчлал, зам тээвэр, логистикийн, чөлөөт бүс бий болох бүрэн боломжтой гэв.