Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3, 4 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдохоор нэр дэвшээд байгаа хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж,  олон улсын нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Засгийн газар ажилдаа шуурхай орж, бүхий л нөөц, хүч, боломжоо дайчлан ажиллахыг санууллаа.

Ялангуяа өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, түлш, шатахууны нөөц, цэцэрлэг, сургуулийн хүртээмж зэрэгт онцгойлон анхаарахыг цаг үе шаардаж байгааг хэлэв.

Мөн усан цахилгаан станц, төмөр зам, авто зам, цахим шилжилт зэрэг хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэхийн чухлыг онцлон тэмдэглэв.