Шинээр томилогдох сайд нар өнөөдөр тангараг өргөхөөр болжээ


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг танилцууллаа.


Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээн  Эдийн засгийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, ХНХ-ын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал, ЗГХЭГ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилохоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.


Улмаар Засгийн газрын өдөр тутмын ажлыг шуурхай болгох, тулгамдаж байгаа зарим асуудлыг шийдвэрлэх үүднээс асуудал эрхэлсэн 2 сайдтай болохоор шийджээ. Ингээд боомтын болон нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Спорт, олимпизмын асуудал хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнийг томилж буй аж.


Харин өмнөх танхимаас УИХ-ын гишүүн С.Амарсайхан Шадар сайдаар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Сангийн сайдаар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ХЗХ-ийн сайдаар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан БШУ-ны сайдаар хэвээр үлдэж байна. Мөн “дан дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн бус сайд нараас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар үргэлжлүүлэн ажиллана.

Улмаар өмнө нь ажиллаж байсан Н.Тавинбэх, Г.Ёндон, З.Мэндсайхан, А.Ариунзаяа, Ц.Нямдорж, Л.Халтар нарыг чөлөөлж буй юм.


Энэ үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд томоохон бүтээн байгуулалт өрнүүлэхээр төлөвлөж буйг дурдлаа. Мөн Оюутолгой төслийг Монгол Улсад ашигтай байх ажил урагшилж байгаа. Гэвч дэлхий нийтэд хэдий ч цар тахал, олон улсын геополитикийн асуудал хүндэрч байгаа тул энэ бүхэнтэй бодлогоо нягт уялдуулж ажиллахыг нэр дэвшигчдэд захилаа. 


ИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх эрчим хүчний доголдол үүсэх магадлалтай байгаа санаалсан гэдгийг хэлээд шинээр томилогдох сайд уг асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг захилаа. Мөн иргэдийг эрүүл хүнсээр хангахад анхаарах зайлшгүй шаардлагатай байгааг ХХААХҮ-ийн сайдад сануулсан юм.


УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Тавантолгой болон Багануурын ДЦС-ыг богино хугацаанд ашиглалтад оруулахад анхаарахыг Эрчим хүчний сайдад нэр дэвшигчид захилаа. Тэрбээр, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар туршлагатай хүн очиж байна. Хүн ам зүйн асуудлыг бодохгүй бол болохгүй байна. Хөдөө орон нутагт өрх татаж, гэргий болох хүн байхгүй боллоо. Мөн гадаадад боловсон хүчин гаргадаг асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд байгаль орчны нөхөн сэргээлтэд анхаарч ажиллаарай. Нефт хайгуулыг өргөжүүлэх, үйлдвэрээ түргэн шуурхай барьж дуусгах хэрэгцээ бий. ОХУ-тай шатахууны үнийн асуудлаар тохиролцох тал дээр анхаараарай” гэв.


УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, -Засгийн тэргүүний оруулж ирж буй сайд нарыг дэмжиж байна. Өмнөх сайд нарын ажлыг үргэлжлүүлээд яваарай. Боомт хариуцсан сайдтай болж байгаад баярлаж байна. Хилээр гарч байгаа экспорт, импортыг хариуцах нь байна” хэмээв.


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, “Засгийн газрыг нийгмийн олон асуудал хүлээж байна. Эдийн засгаа сэргээх, хувийн хэвшлээ дэмжих, үнийн өсөлтийг саармагжуулах, түгжрэлийг бууруулах ажлыг хурдан шуурхай гүйцэтгэх шаардлагатай. “Тэрбум мод” хөтөлбөрийг ярих биш бодитоор ажил болгох шаардлага бий. Монгол орны ой хортон шавжид идэгдсэн. Салбарын сайд нар анхаарах ёстой. Уялдаа холбоотой ажиллах ёстой. Сайжруулсан түлш үр дүнд хүрсэн. Тиймээс шинэ шийдэл гаргах хэрэгтэй” гэлээ.


Шинээр томилогдох сайд нар өнөөдөр 11.40 цагт тангараг өргөнө гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар зарласнаар  чуулган өндөрлөв.