Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар өнөөдөр хийсэн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин энэ сарын 28-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн. Түүний айлчлал энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ, “Найман жилийн дараах БНСУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал хоёр улсын өнгөрсөн 30 жилийн харилцааг дүгнэн, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв тодорхойлох, замын зураг гаргах чухал үр дүнтэй юм. Хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч болж бодит таван тулгуур чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо. Монгол, БНСУ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийн харилцааны урт хугацааны бодлого гэхчлэн нийтлэг үнэт зүйлстэй ард түмэн. Монгол Улсын “Алсын хараа-2050” болон Шинэ сэргэлтийн бодлогыг БНСУ-ын бодлоготой уялдуулах, тээвэр логистик, эрчим хүч, байгаль орчин, соёлын салбарт үр бүтээлтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Шинэ нисэх буудлыг бүс нутгийн тээвэр логистикийн зангилаа болгохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд Инчеоны чөлөөт бүс байгуулсан туршлагыг судлахад хамтран ажиллахаар тохирлоо. Мөн хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулна.
Хоёр улсын хооронд агаарын нислэгийг нэмэх, тус улсад амьдардаг монгол иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийн зорилгоор зорчих иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, 45 га-д мод тарих, тус улсаас үзүүлдэг хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх талаар тохиролцов. Энэ хөтөлбөрийн дагуу 10 аймагт дулааны станц барьж байна. Мөн бид Солонгосын хойгт энх тайвныг тогтоох зорилгоор гурван улсын уулзалт хийх санаачилга гаргалаа” гэв.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, “Монгол Солонгос улс стратегийн түншлэлийн харилцаа холбоо тогтоосны дараа би айлчилж байна.
1. Бид стратегийн түншлэлийн харилцаагаа батжуулахад санал нэгдэв. Үүний тулд төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалыг хэрэгжүүлнэ. Энэ оны сүүлээр хоёр улсын Засгийн газар хоорондын комисс хуралдана. Хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын уулзалтыг мөн зохион байгуулна.
2. Монгол Улс бол Зүүн Хойд Азийн стратегийн түшиц улс юм. Мөн ардчилал, хүний эрхийн нийтлэг үнэт зүйл бидний дунд бий. Бид Монгол Улсыг АПЕК гэх мэт олон улсын байгууллагуудад идэвхтэй дэмжинэ.
3. Эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээ, уул уурхай, уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, хөдөө аж ахуй, шинэ хот байгуулах салбарт бодит хамтын ажиллагаа эхлүүлнэ. Дэлхийд байгалийн баялгаараа аравдугаарт ордог Монгол Улс БНСУ-ын нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хагас дамжуулагчид ашиглах газрын ховор элементийг БНСУ-ын технологитой уялдуулахад идэвхтэй хамтран ажиллана. Ховор металлын хайгуулын хүрээлэнг ойрын хугацаанд байгуулна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулах ажлыг шуурхайлна. Хөрөнгө оруулалтын асуудлыг ойрын хугацаанд шийднэ.
4.Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах туршлагаа та бүхэнтэй хуваалцана.
5. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гэрээнд бид урьдчилсан байдлаар гарын үсэг зурлаа. Энэ салбарт хөрөнгө оруулах талаар тусгасан. Хоёр орон хүлэмжийн хийн хувиа бууруулахад энэ гэрээ хувь нэмэр оруулна.
6. ХАА-н салбарт технологи хөгжүүлэх нэвтрүүлэх, шинэ сортын үр нэвтрүүлнэ. Шар шороон шуурганы эсрэг хамтдаа тэмцэнэ.
7. "Эрүүл Монгол хүн" хөтөлбөрийг дэмжин, монгол эмч нарыг БНСУ-д сургана.
8. Монголд БНСУ-ын 1500 орчим иргэн амьдардаг. Тэдэнд дэмжлэг үзүүлэх асуудлыг би Монголын эрх баригчдад тавилаа.
9. БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс татгалзуулах, манай Ерөнхийлөгчийн зоримог санааг би Б.Батцэцэг сайдад танилцуулав. Тэрбээр биднийг дэмжин ажиллахаа илэрхийлэв. Солонгосын хойгт энх тайван тогтоох чиглэлээр олон улсын байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана. 2030 онд болох дэлхийн экспог бид эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байна. Энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг бид Монголын талаас хүслээ.
Бидний албан ёсны хэлэлцээ өнөөдөр амжилттай болсонд баяр хүргэн, ойрын хугацаанд Б.Батцэцэг сайд таныг манай оронд тавтай морилохыг урьж байна” гэв.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхах юм.
Эх сурвалж: ГХЯ