АН: Намын бүлгийг татан буулгаж, 4 гишүүнийг хаслаа

АН-ын дарга С.ЭРДЭНЭ:
-Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, хуулийн бус аргаар өөрчилж, төрийн түрэмгийлэл боллоо. Үндсэн хуулийг олонх хамгаалахгүй бол бид тэмцэнэ. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах явцад өөрийн намын нэр дээр сонгогдсон УИХ-ын гишүүд үндсэн дүрмийн дагуу чиглэл өгсөн. Харамсалтай нь зарим нэг гишүүд энэ үүргийг биелүүлэхгүйгээр хувийн эрх ашгаар асуудалд хандсан учраас АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа, Б.Бейсен дөрвөн гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн.
Тэднийг намын гишүүнчлэлээс найман жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан. Холбогдох хууль, дүрэм журмын дагуу АН-ын бүлгийн 11 гишүүнээс нэр бүхий Ц.Туваан, Н.Ганибал, Ж.Батсуурь гэсэн гурван гишүүнийг хасч, найман гишүүн үлдсэн. Одоо нэмэгдээд дөрвөн гишүүнийг хасч байна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гишүүний бүрэн эрхийг сэргээж, таван гишүүнтэй ажиллана. Намын шийдвэр гаргаж, бүлгээ татан буулгаж байгаагаа УИХ-ын даргад мэдэгдэж байна. УИХ-ын тухай хуулийн 31.1 дэх заалтад "УИХ-д найм буюу түүнээс дээш суудал бүхий нам эвсэл өөрийн бүлгийг байгуулж болно" гэж заасан. Энэ тоонд хүрэхгүй учраас албан ёсоор бүлгээ татан буулгаж байна.
Харин Ардчилсан нам УИХ-д өөрийн гишүүдийн зөвлөлийг байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Д.Ганбат ажиллана. Эдгээр асуудалтай холбоотойгоор ямар нэгэн асуудалд намын бүлгийн байр сууринаас хандахгүй, улс төрийн намын үүднээс хандах болно. Бид өнөөдөр ямар нэгэн нам, эвсэлтэй нэгдэх шийдвэр гаргаагүй ээ. Өнөөдөр АН-аас хасагдсан нэр бүхий гишүүд цаашдаа намыг төлөөлөх эрх зүйн чадамжгүй болохыг мэдэгдье. Өнөөдөр Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, А.Адъяасүрэн, Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нар төлөөлнө.

Эх сурвалж: АН