Ерөнхийлөгчид Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг танилцуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцууллаа.


Энэхүү уулзалтад Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцав.


УИХ-ын чуулганы энэ сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг 98.4 хувийн саналаар баталсан. Төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэснийг хүчингүй болгохоор тусгасан байна.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэ наймдугаар сарын 15-ны Их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн зохих зүйл хэсэгт нийцээгүй гэж үзэн хүчингүй болгохоор эцэслэн шийдвэрлэсэн. Иймд уг заалтыг хүчингүй болгохоор тусгаж буй юм.