Шинэ терминал байгуулснаар 1800 ажлын байр бий болгоно гэжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн тухай хэлэлцэв.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн газар нутгийг дамнан хэрэгжүүлэх төсөл нь Ерөнхийлөгчийн нэрэмжит “Ард түмний цэцэрлэгт хүрээлэн” байгуулах төсөл, Баянхошуу дэд төвийг Яармаг дэд төвтэй босоо тэнхлэгээр холбох ногоон өргөн чөлөө бүхий 5.5 км авто зам, замын байгууламжийн төсөл, “Шинэ Улаанбаатар баруун терминал”-ын барилгын төсөл гэсэн 3 хэсгээс бүрдэж байна.

Цогцолбор төслийн тухай Улаанбаатар хотын хөгжлийн корпорацын төслийн удирдагч Н.Дашдэмбэрэл танилцуулахдаа, “Улаанбаатарт жил бүр 30 мянга гаруй иргэн шилжин суурьшдаг. Хэт төвлөрлөөс үүдэн иргэд хот руу олон давтамжтай ирдэгээс авто замын ачаалал ихэссэн. Төслийн хүрээнд 3 дүүргийн газар нутгийг дамнан хэрэгжүүлэх цэцэрлэгт хүрээлэн нь 600 орчим га талбайг хамрах юм” гэлээ.

Түүнчлэн  “Драгон” төвийн байршилд шинэ терминал бий болгосноор 1800 ажлын байр, соёл амралтын үйлчилгээг бий болгох давуу талтай. Нийслэлийн баруун бүсийн 740 мянга гаруй иргэний чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бий болж, баруун бүсийн автозамын түгжрэлийг 25 хувиар багасган, Сонсголон, Яармагийн замын ачааллыг бууруулж, одоогийн хүчин чадлыг 4 дахин нэмэх зэрэг эерэг нөлөөтэйг нийслэлийн Сургалт судалгаа олон нийттэй харилцах газар мэдээлсэн юм.