БНХАУ руу 11 аж ахуйн нэгжийн 5,720 тонн махыг экспортлохоор болжээ

 ХХААХҮЯ, Гаалийн ерөнхий газар,  Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 аж ахуйн нэгжийн бэлтгэсэн, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5,720.6 тонн махыг экспортод гаргах бэлтгэлийг хянаж байна.

ХХААХҮЯ-наас аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, мэдээлэл зөвлөмж өгч, мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд дараах зүйлсийг анхаарууллаа. Үүнд, 

Ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх, мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын поддон тавиурт хурааж хэвших, хадгалах, хөлдөөх камерын температурыг тогтмол хянах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, лабораторийн шинжилгээний хариу, баримт бичгийг хадгалж архивлан бүртгэх, ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зургаан сар тутам хамруулахыг дурджээ.

Түүнчлэн, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор баталсан дотоод хяналтыг мөрдөх шаардлагатай байгааг ХХААХҮЯ мэдээлэв.