Түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэл ирэх арваннэгдүгээр сараас эхлэн шинээр 500 автобус авахаар болжээ

Түгжрэлийг бууруулж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах зорилгоор нийслэл ирэх арваннэгдүгээр сараас эхлэн шинээр 500 автобус авах болсон тухай нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.

Тэрээр энэ тухай ярихдаа "Нийслэл түгжрэлийг бууруулахын тулд иргэдийг машинаас нь татгалзуулах бодлого барьж байна.

Иргэдийг машинаас нь татгалзуулахын тулд явган хүн явах таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд энэ хүрээнд өнгөрсөн зун явган замыг стандартад нйицүүлэн шинэчлэх, хашаа хайс буулгах, гараж чөлөөлөх, самбар буулгах ажлууд хийсэн. Явган замыг шинэчлэхдээ тэргэнцэртэй иргэн хэн нэгний тусламжгүйгээр явахад зориулсан стандартыг бүрдүүллээ. 

Мөн замд хашаа хайс их байдаг нь явган хүмүүст төвөгтэй байдаг тул тээврийн хэрэгслээ сонгох нэг шалтгаан болдог гэж үздэг. Тиймээс иргэдийг машинаас татгалзуудахын тулд нийтийн тээврийн парк шинэчлэл хийсэн. Эхний ээлжид хоёр давхар 75 автобус, нэг давхар 65 автобусны парк шинэчлэл хийлээ.

Түүнчлэн Засаг дарга есдүгээр сарын 1-нээс өмнө 500 гаруй автобус оруулж ирэх үүрэг даалгавар өгсөн. Гэвч дайн болон ковидын нөхцөл байдлаас болж дэлхийн эдийн засаг хямарч, хөрөнгө оруулалт тал дээр хугацаа алдаад байна. Гэхдээ одоо хөрөнгө оруулалтыг шийдсэн. Ирэх арваннэгдүгээр сараас эхлэн автобуснууд эхнээсээ орж ирнэ гэсэн мэдээллийг холбогдох албан тушаалтнууд өгсөн" гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн мэдээ