Сангийн сайд Б.Жавхлан: Хамгийн гол нь НӨАТ-ийн сугалааг ил тод болгоно

Б.Жавхлан: Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн өмч болгох ажил том алхмаар урагшиллаа

Сангийн сайд Б.Жавхлан өөрийн хариуцсан салбартай холбоотой Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.

Тэрбээр, 2017 онд Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах хэлцэл хийх замаар өр төлбөрийг барагдуулах тухай УИХ-ын 23-р тогтоол, 2018 оны Үндсэн хуулийн цэцээс гаргасан “Монголын зэс” корпорацийн тус үйлдвэрүүдийн 49 хувийг өр төлбөр харилцан суутгах замаар 49 хувийг худалдаж авах утга агуулга бүхий дүгнэлтийн биелэлтийг хангах Засгийн газрын удаах шийдвэр өнөөдөр гарлаа.

Харилцан суутгал хийх эхний шийдвэр 2022 оны 6-р сард гарч, 160 тэрбум төгрөгийн суутгал хийсэн. Энэ удаа Монголбанкны Худалдаа хөгжлийн банкнаас авах авлага болох 480 тэрбум төгрөгийг суутгаж авах Засгийн газрын тогтоол батлагдлаа.  

Ингэснээр Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмч болгох ажил томоохон алхмаар урагшилж, УИХ-ын дээрх тогтоолын биелэлт хангагдаж байна. Өөрөөр хэлбэл, 49 хувийн улсын мэдэлд авах шийдвэр төгс болоход том алхам урагшиллаа. 

Дараагийн харилцан суутгал хийх хэлбэл үргэлжилнэ. Ийм үр дүнд хүрэхэд АТГ богино хугацаанд хууль эрхзүйн боломжоор ханган амжилттай ажилласныг онцлон хэлмээр байна.

НӨАТ-ЫН СУГАЛАА ЯВУУЛАХЫГ ТҮР ЗОГСООСОН

Сангийн сайд Б.Жавхлангаас НӨАТ-ын сугалааг дахин явуулах эсэх талаар тодруулахад, НӨАТ-ын сугалааг явуулж эхэлснээс хойш долоон жил огт шинэчлээгүй. Өмнө нь бүх хэвлэгдсэн НӨАТ-ын баримтыг сугалаанд оруулдаг байсан. бүртгэгдээгүй баримт байсан ч сугалаанд оруулдаг байсан. Бүртгэгдээгүй баримт гарч ирвэл азтан тодрохгүй явж ирсэн. Үүнээс хойш зөвхөн бүртгүүлсэн баримтыг сугалаанд оруулах, эндээс азтан тодрох боломжийг бүрдүүлнэ. Хамгийн гол нь сугалааг ил тод болгоно.

Жишээ нь, Иргэн А 100 баримт бүртгүүлсэн бол бүх баримт сугалаанд орсныг гар утаснаасаа харах боломжтой дэвшилтэт, ил тод, шударга системийг бүрдүүлнэ. Сугалаа явуулах процессийг шинэчлэх шаардлага гарсан тул сугалаа явуулахыг түр зогсоосон.  

Сугалаа явуулахыг 2022 оны 6-р сард түр зогсоосноос хойш сугалааг бүртгүүлэх нь 50 хувиар буурсан. Тэгэхээр сугалаа орлогод маш том хөшүүргэ болсон үр дүнтэй хэлбэр болох нь харагдлаа. Сугалаа явуулах технологио илүү сайжруулаад есдүгээр сараас явуулж эхлэхээр ажиллаж байна.

-НӨАТ-ын буцаалтын хоёр хувийг нэмэх үү?
-Нэмэхгүй. Сугалаа бол буцаалтын нэг хэлбэр шүү дээ гэлээ.  

              ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ УДААШРАЛТАЙ БАЙНА

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн төлбөр барагдуулах ажил 7,8 дугаар сард нэлээд удааширлаа. Төрийн өмчийн ААН-үүдийн зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаа учир Ерөнхий сайд төлбөр төлөх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох сайд нар үүрэг болгосон. 

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт 2022 оны зургаадугаар сард 415 тэрбум төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 515 тэрбум төгрөг болоод байна гэв.