Г.Занданшатар: ҮХЦ-ийн шийдвэрт хууль, тогтоомж бүрнээ нийцсэн байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын 10 гаруй гишүүн асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат, "ҮХЦ-ийн цаад үр дагавар маш хүнд. Энэ шийдвэрийг гаргах болсон шалтгааныг шалгах хэрэгтэй гэж бодож байна" хэмээв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтыг хүчингүй болголоо. ҮХЦ цаашдаа ийм шийдвэр гаргах бололцоог нь хаах хууль эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсарч ажиллах тоог дөрөв гээд баталсан. Түүнээсээ ухрах гээд, бүгд давхар албан тушаал хаших гээд байна" хэмээв.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, "Засгийн газрын асуудлыг хөндөх гэж, энэ хэдэн сайд нарыг солих гэж л Үндсэн хуульдаа гар дүрж байгаа юм уу даа гэж харж байна" хэмээн шүүмжиллээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд, "Цэцийн шийдвэр яаж гарсныг хүн бүр мэдэж байгаа. Цэц хуулиар хориглоогүй, эрхийнхээ хүрээнд эцсийн шийдвэр гаргасан. Үүнийг яаж маргаангүй болгох вэ гэдгийг шийдэхээр ажиллаж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хэзээнээс албан ёсоор хэрэгжиж буйг тодруулав. Ажлын багийн гишүүн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, "Наймдугаар сарын 15-наас Үндсэн хуулийн 39.1 гэсэн заалт хүчингүй болсон" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “ҮХЦ-ийн шийдвэр эцсийн шийдвэр байх ёстой. Уг шийдвэрт хууль, тогтоомж бүрнээ нийцсэн байх ёстой юм. Тиймээс УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах нь асуудлыг шийдвэрлэх цор ганц гаргалгаа юм” гэлээ.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.