Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол буюу “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ын 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан судлах, хэлцэл хийх замаар барагдуулах, мөн уг асуудалтай холбоотой 2018 оны Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн биелэлтийг хангах шийдвэр гаргасан байна.
Энэ оны зургаадугаар сард 160 тэрбум төгрөгийг суутгахаар шийдвэрлэж байсан. Харин энэ удаад Худалдаа хөгжлийн банкнаас Монголбанканд төлөх 480 тэрбум төгрөгийг суутгалаа. Ингэснээр дээрх хоёр компанийг 100 хувь Монгол Улсын өмч болгох том алхам болж буйг Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Мөн хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн асуудлыг хэлэлцсэн байна. Уг зээлийн эргэн төлөлт энэ оны 7, 8 дугаар сард буурсан байна. Тиймээс олон нийтийн хяналтыг сайжруулах, төрийн өмчит компаниудын зээлийг богино хугацаанд төлөхийг холбогдох сайд нарт үүрэг болгожээ. Түүнчлэн хувийн хэвшлийнхэний чанаргүй зээлд хатуу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна. Тухайлбал, “Эрэл” компани, “Шинэ Яармаг” төслийн барьцаа хөрөнгийг хураах чиглэл өгчээ.