З.Мэндсайхан: Цаашид махны экспортод ямар нэгэн хориг тавихгүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд ХХААХҮЯ-наас мах, махан бүтээгдэхүүний экспортын талаар танилцуулсан байна.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Энэ оны зургаадугаар сарын 8-нд дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргахыг түр хориглосон. Улмаар мэргэжлийн хяналтын байгууллага махны үйлдвэрүүдэд шалгалт хийлээ. Ингээд экспортын эрхтэй 11 аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулсан 5 720 тонн, 7 аж ахуйн нэгжийн 3817 тонн адууны махыг экспортод гаргах эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзлээ. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд дээрх 9537.6 мянган тонн махыг экспортод гаргах боломжийг бүрдүүлсэн. Цаашид махны экспортод ямар нэгэн хориг тавихгүй. ХХААХҮЯ-наас махын экспортыг бүрэн дэмжих бөгөөд эрүүл ахуйн стандартыг хангах шаардлага л тавих болно” гэв.