Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шарын хуучин орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Энэ хүрээнд нийт 6 блок 990 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлэх бөгөөд тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар төслийн гүйцэтгэгч талынхантай уулзан, зарим мэдээллийг авлаа.
Эхний ээлжид хоёр багцын 165 айлын орон сууцыг дахин төлөвлөх хүрээнд сууц эзэмшигчидтэй зөвшилцөх, гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар оршин суугчдын 80 хувьтай нь гурван талт гэрээ байгуулсан бөгөөд бүх иргэдтэй гэрээ байгуулж дууссанаар тухайн байрыг чөлөөлж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм.
Одоогоор тухайн төслийн ажилд ямар нэгэн хүндрэл учраагүй үргэлжилж байгаа бөгөөд төлөөлөгчдийн зүгээс тухайн компанийг иргэдтэй хурдан хугацаанд боломжит хэлбэрээр зөвшилцөн ажлаа үргэлжлүүлэхийг зөвлөлөө.
Төсөл хуваарь ёсоор үргэлжилбэл эхний хоёр барилга 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох бөгөөд, ирэх есдүгээр сарын 15-наас барилгыг нурааж эхлэх аж.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ