"Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" үндэсний чуулган болно

 Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэх талаар хэрэгжүүлэх бодлогыг хэлэлцэн зөвлөмж боловсруулах зорилготой "Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" үндэсний чуулган энэ сарын 29-нд Төрийн ордонд болно.


Үг чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI Mongolia), Азийн сан хамтран зохион байгуулах юм.


Үндэсний чуулганд нийслэл, 21 аймгийн төлөөлөгч, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын 800 гаруй төлөөлөгч оролцох юм. Чуулганаар эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар ярилцаж, олон улсын туршлагыг хуваалцана. Тухайлбал, Эдийн засаг дах эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих орчныг бүрдүүлэх нь, Жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбарыг хөгжүүлэх нь, Хөдөлмөр эрхлэлт, хүний нөөцийн асуудлууд, Цахим эдийн засаг, эмэгтэйчүүдийн оролцоо, Хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, сайн туршлага сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.


Үндэсний чуулганыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалтыг энэ оны тавдугаар сарын 24-нд зохион байгуулсан. Уг уулзалтаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөгч нар оролцож, үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулах, цаашид хамтарч шийдвэрлэх асуудлуудыг тодорхойлох саналаа урьдчилан тодорхойлсон байна.