Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Женнифер Моррисыг хүлээн авч уулзжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх говь, хээрийн экологийн бүс нутгийн үнэлгээ болон хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа хийх,  тусгай хамгаалалтад авахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зэрэгт оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлжээ.

“Дэ Нэйче Консерванси” олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал, хатагтай Женнифер Моррис уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын хомсдолоос үүдэлтэй бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр Монгол Улсын гаргасан санаачилга, ололт, амжилтыг онцложээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль хамгааллын чиглэлийн бодлого, улс төрийн манлайллыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллийг бууруулах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн  санаачилж,  иргэд, хувийн хэвшил, хандивлагч орон, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татах зорилгоор энэ оны гуравдугаар сард “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулснаа дурджээ.

Хатагтай Ж.Моррис Канад, Кост Рика, Бразил, Бутан, Перу зэрэг улсад амжилттай хэрэгжүүлсэн “Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн  хөтөлбөр”-ийг “Дэ Нэйче Консерванси”, Дэлхийн байгаль хамгаалах сан, “PEW Charity”, “ZomaLab” нарын хамтарсан “Enduring Earth Partnership”-н хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгчээ.

Энэ хөтөлбөр нь Уур амьсгалын өөрчлөлтийн болон Биологийн олон янз байдлын конвенцийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргүүд, Тогтвортой хөгжлийн зорилтуудаа биелүүлэхэд туслах зорилготой юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүрсэн үр дүнг олон улсад сурталчлан таниулах саналыг дэмжихээ илэрхийлжээ.