Баруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослого’’’ - малчдыг хүчээр хамтралжуулах, тайж, лам нар болон баячуулын хөрөнгө хураах болон зөвлөлтжүүлэх бодлогыг эсэргүүцсэн монголчуудын зэвсэгт бослого юм. Зэвсэгт бослого нь тухайн үеийн БНМАУ-ын баруун талын дөрвөн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан байна.
Энэ нь өнөөдрийн Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Увс аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан байна.
Бослогын өмнөх байдал
Монголд тухайн үед явуулсан малчдыг хүчээр хамтралжуулах, тайж, лам нар болон баячуулын талаар баримталсан алдаатай бодлогоос уламжлан нийт хүн амын дунд дургуйцал, эсэргүүцэл ихээр тархсан байна. Зарим нутагт хилийн чанадад дүрвэн гарах явдал олныг хамарсан бөгөөд бүрэн бус мэдээгээр 30 гаруй мянган хүн үүнд хамрагдсан байна. Мөн янз бүрийн аргаар эсэргүүцэх улмаар зэвсэглэн тэмцэх, гадаад улсуудтай холбоо барих хүртэл асуудлууд гарч байжээ. Энэ үед Өвөр Монголд байсан төвөдийн Бачин Богд ламтай холбоо барих оролдлого гарч байсан бөгөөд зэвсэгт бослогын үеэр Банчин Богд ламтай холбоотой янз бүрийн цуурхал гарч байсан байна. 1932 оны бослого-“гадаад түвд хүмүүсийн турхирсан” монголын дээд лам нар, феодалуудын гаргасан үймээн, Түвд улс Банчин Богдоор жуулчлан Монголын хэрэгт өнгөлзөж, мөн босогчдыг япончууд дэмжиж байсан гэх дүгнэлт баталгаагүй. Үнэн хэрэгтээ, босогчид гадаадын заалтаар биш, тэр ч байтугай тэндээс тусламж огт аваагүй бөгөөд ганцхан өөрсдийн хүч дээр тулгуурлахаас өөр аргагүй байсан билээ.
Бослогод бэлтгэсэн нь
1931 оны 9-р сард Хөвсгөл аймгийн Баянголын хүрээний аграмба лам Цэрэнжав Мөрөнгийн хүрээний том лам анги Дамдин, Жалханзын хүрээний лам Самдан нар хувьсгалын эсэргүү бүлэг зохион байгуулж улмаар Асгатын хүрээний гүрэмч лам Дүвчинсамбууд эсэргүү бослого бэлтгэж гаргах үүрэг өгч 1931 оны 11-р сард нууц хурлаараа хэлэлцэн хувьсгалын эсэргүү цуурхал тараах хүрээ хийдүүдийн хооронд холбоо барих, зэвсэг цуглуулах ажлыг Жалханзын хүрээний хувилгаан лам Гунаажавт хариуцуулж Мөрөн, Асгат, Тэс, Бүгсүй, Бугат, Бух, Хялганатын хүрээний дээд ангийн лам нарт тус тусын хүрээн дээр эсэргүү бослого гаргах үүрэг өгсөн байна.
Дээрх хүмүүс 1932 оны 1-р сард Самбуудүвчингээр толгойлуулсан штаб байгуулж бүрэлдэхүүнд нь Рашаантын хүрээний гавьж лам Сандандоржийг орлогчоор, Асгатын ловон лам Шагдарыг улс төр шашин шүтлэгийн ахлагчаар, Жалханзын хүрээний хувилгаан лам Гунаажав, Баруун асгатын хүрээний Чойжил нарын бүрэлдэхүүнтэй байгуулж энэ хуралд Цэрэнжав, Дамдин нар биеэр байлцан эсэргүү бослогыг 1932 оны зуны дунд сарын 15-нд 300-аас доошгүй цэрэгтэйгээр эхлэхийг Дүвчин Самбууд даалгажээ. Мөн бослого гаргах хүртэл хүрээ хийдүүдийн хооронд холбоо барих, цуурхал тараах, зэвсэг цуглуулах, талаар дээрх хүмүүс ажлаа хувиарлан авчээ.
Эхлэл
Aрд түмний эсэргүүцэл даамжирсаар байсан ба бослогын талаар мэдээлэл авсан тул 1932 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл аймаг дахь Дотоодыг хамгаалах ангиас Цэрэнжав, Гунаажав нарын таван хүнийг дайчлан баривчилсан тул Асгат, Хялганатын хүрээний том лам, феодалууд нийлсэн 29 хүнтэй нууц хурлыг Самбуугийн удирдлагаар хийж бослого гаргах хугацааг наашлуулахаар тохиролцоод, дөрөвдүгээр сарын 10-нд Бандид гэгээн Хялгантын хүрээнд, 11-нд Асгатын хүрээнд, 12-нд Бухын хүрээнд, 13нд Рашаантын хүрээнд, Цэрэндагва, Жамсрандорж, Доржпалам, Самбуу дүвчин, Шагдар, Сандагдорж, Эрэндэндэв, "чойжин" Буриад нар удирдан 100-300 хүнтэйгээр эсэргүү бослогыг эхлүүлэхээр тохиролцсон байна. Ингээд 1932 оны 4 сарын 11-д Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялганатын хүрээнд 100 гаруй лам, ардууд зэвсэглэн босож сум, хамтралын төвийг дайран довтолсноор энэхүү зэвсэгт бослого эхэлсэн байна.
Талуудын хүчний харьцаа
Босогчид
Босогчдыг зөвхөн лам нар феодалууд биш мөн ард, улсын албан хаагчид байсан хүмүүс удирдаж байсан байна. Энгийн “шар цэргүүдийн” хувьд бол эдгээр нь олонхидоо жирийн ардууд байв. Б.Элдэв-Очир 1932 оны 6-р сарын 16-ны зөвлөлгөөн дээр энэ хугацааг хүртэл бослогын үеэр 2000 гаруй хүн алагдсаны дотор 60% нь ардууд гэж тэмдэглэсэн ба 1932 оны 6-р сарын 30-ны өдрийн “зүүний нугалааг” шүүмжилсэн бүгд хурал дээр МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Өвөрхангай аймгийн МАХН, эвлэлийн гишүүдийн 90%, хамтралын гишүүдийн 95% нь бослогод оролцож байна гэж хэлжээ. Хөвсгөл, Архангай аймагт босогчдын 70% энгийн ардууд, мөн баригдаад чөлөөлөгдсөн МАХН, залуучуудын эвлэлийн гишүүд байв. Зарим нэг хүн цэргийн сургуульд сурч байсан байна. Босогчдын нас 19–68, үүнээс 20–30 настан дийлэнх байжээ Орон нутагт босогчдын цэргийн хүч нь жанжинуудаар удирдуулсан отрядууд байв. Отряд бүрэлдүүлэн байгуулсан хүмүүс ч жанжин болохоос гадна жанжингаар аль нэг хүнийг бусад жанжинууд томилон тавьдаг байсан ба мөн босогчдын штабын удирдлага хэн нэгийг жанжин болгон томилж байжээ. Том отрядууд нь 100, 50, 10 хүний тоотой байгуулагдсан байна. Жишээ нь, жанжин Түмэнбаяр, миний отряд 10-аас 300 хүртэл хүнтэй болж өссөн, цэргүүдийг арав арваар жагсаан, арватын толгойд тус бүр цагдаа тавьдаг гэж мэдүүлсэн байна.
Рашаант, Асгат, Бугс, Жалханз ба Тэс хүрээдэд бослогод 2000 гаас илүү хүн оролцсон байна. Харин Дэмид 6-р сарын 6-ны илтгэлд ойролцоогоор 1000 хүн оролцсон гэжээ. Гэтэл 1932 оны 7-р сарын байдлаар 13 отрядад 3000 хүн байна гэж тэмдэглэгдэж байв. Босогчдын отрядуудын хүний тоо: феодал Доржпалам, “Ловон” Шагдар, “халзан” ламын (Самдан) ба Жамсрандоржийн – 150 хүн., Эрэндэндагва ламын – 300 хүн, феодал ба лам: “чойжин” Буриад, Цагаан гэгээн, Жигжид Тобу, Дамдинбишрэлт, “Бор гэгээн” нар – 500 хүн, Аюурзана, Түгж, Жур, Дарин, Бадрах, Бадамжав, Түмэнбаяр, Тарваа, Самбадэв, Сумъяа, Магнай зэрэг жанжингуудын тус бүрийн цэргийн нэгдэл 150 хүний хүчтэй отрядууд, Шагдар дүвчин, Тарав, Цогоо нарын 100 хүн, Аюурзаны 250 хүнтэй отряд, Магнайн 50 хүн бүхий бүлэг зэргүүд байлдаж байв. Өөр мэдээлэлээр, босогчдын ерөнхий тоо 5000 хүн болно. Хөвсгөл аймагт ДХГ ба ардын цэргийн анги очихоос өмнө босогчдын тоо хамгийн их байв. Бослогын төв – Рашаантын хүрээнд дөрөвдүгээр сард 300–400 хүн төвлөрчээ. Гэвч Монголын Ардын армийн хүчтэй тулгаран байлдах цагт, тэдний тоо 800-д хүрсэн бөгөөд өөр нэг мэдээгээр – 700 хүний тоотой байжээ. Хөвсгөл аймгийн умард нутагт, Дархадад 300 гаад босогчид (үүнээс 180 лам, 120 нударганчууд) байв. Тэдгээрээс 100 хүнтэй отряд Хатгал зорин гарчээ. 4-р сарын 20-нд Мөрөн суманд 200 зэвсэгт босогчид ирэв. Хатгалаас баруун урагшаа 120 км орших Дордогийн хүрээнд 50 орчим босогчид байв. Зуны эхээр (ардын цэргийн хагас хүчийг татан буулгаснаас хойно) Хөвсгөлөөс Тариалан орох замд 1000 гаруй тооны босогчид Тосонцэнгэл сумын захиргаа руу дайрав. Хөх сав хавийн хоёр суманд 300 босогчид байсан ба 200 гаад босогчидтой тулгаран 2 өдрийн турш байлдааан үргэлжлэж, ардын цэргүүд ухарсан байна. Цагаан уул сумын Хөнхөрбай гэдэг газар 300 босогчид цугларсан. 8-р сард Их уул суманд 150 босогчид, Баянзүрх, Сангийн далай, Идэрт – 100 гаруй, Жаргалантад – 300 орчим босогчид тус бүр бөөгнөрчээ. 9 сарын үед тус бүр 120 хүнтэй хоёр отряд, 200 хүнтэй нэг отряд байлдаж байв. Архангай аймагт босогчдын том том отрядууд үйл ажиллагаагаа явуулж байсан. 5 сарын эхээр 100–150 хүний тоотой босогч нар Цэцэрлэг сумыг эзлэв. Тэгтэл хамгийн том хүчээр “ногоон малгайт” Дамдинсүрэн удирдаж явав. Арын хүрээ ба Тариатын дэргэд болсон байлдаанд 1000 орчим хүн оролцсон юм. Өлзийбаттай тулгарсан анхны байлдаанд Дамдинсүрэнгийн отряд ойролцоогоор 600 хүний хүчтэй байсан ба тэр 200 гаад хүнийг Тариатын хүрээнд үлдээсэн байна. Хөнжил хийдийн дэргэдэх Доод Цэцүүх гэдэг газар Өлзийбатын отрядтой байлдсан байлдаанд Дамдинсүрэнгийн 462 хүнтэй отряд, 100 орчим хүнтэй Далай вангийн отряд оролцсон байна. Босогчдын 200 хүн бүхий отрядыг жанжин Санжжав толгойлжээ. 8 сарын 4-ны үед Архангайд боссон босогчдын тоо дараах маягтай: Их уул суманд –150 хүн, Баянзүрх, Сангийн далай, Идэр сумуудад тус бүр – 100 хүн, Жаргалант суманд – 300 хүн байв7. 9 сард Жур, Бадрах, чойжин Дашдондог, Магнай, Сумъяа, Самбадив зэрэг жанжингуудын тус бүрийн 150 хүний хүчтэй отрядууд, Шагдар дүвчин, Тарав, Цогоо нарын 100 хүн, Аюурзаны 250 хүнтэй отряд, Магнайн 50 хүн бүхий бүлэг зэргүүд байлдаж байв. Завханд босогчдын хүн хүчний тоо 300 орчим байв. 5 сард Гэлэг тэнд 138 хүний тоотой отряд байгуулсан байна. 8 сарын 29- нд 200 орчим тооны босогчид Улаагчин сумын төвийг эзлэн авч, 8 сарын 30-нд Нөмрөг сумын төвийг бүслэв. Дөрвөд аймагт 6 сард 250 хүний тоотой отряд босож байв. Алтай аймагт 9 сард 81 хүний хүчтэй отряд Цогт сумын захиргааг эзэлсэн ба энэ нь хэдэн зуун хүнтэй нэг том отрядын хэсэг байсан бололтой тэгээд дараагийн байлдаанд 320 хүн алдагдсан байна. Босогчдын хамгийн том отрядууд нь хэдэн зуун тооны босогчдоос бүрэлдэн тогтож байжээ. Улаан цэргийн отрядууд босогчдын бараг бүх отрядыг бут цохисны хойно тэдгээрийн хүч багасссан боловч дараа нь зуны цагт хүний тоо хүчээ нэмэгдүүлсэн ч намар болоход үндсэндээ, босогчдын том отрядууд бут цохигдсон.
Засгийн газрын хүч
Бослого дарах анхны отрядыг орон нутагт бүрэлдүүлсэн боловч дараа нь ДХГ-ын хүчийг ирүүлсэн билээ. Энэ отрядууд цөөн тооны хүчтэй байв. Бослого эхэлсний дараа удалгүй Хөвсгөл аймгийн удирдлага 38 хүний тоотой сайн дурын отрядыг зохион байгуулав. Мөрөнд сайн дурын отряд 235 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдав. 1932 оны 5-р сарын 9-ны өдрийн БНМАУ-ын Цэргийн зөвлөлийн шийдврээр Монголын Ардын армийн цэргээс 4 отряд зохион бүрэлдүүлж, Ховд, Завхан, Увс аймгаас хоёр морьт хороо, нэг буут хороог бүрдүүлэн гаргасан байна. Бослогыг дарахаар томилсон бүх цэргийн тоо нь 1300 хүн байсан.
Талуудын зэвсэглэл
Босогчид
Босогчдын үндсэн зэвсэг бол цахиур буу, модон шийдэм бөгөөд винтов буу их цөөн байсан. Босогчид нь гаднаас ямар нэг зэр зэвсгийн хангамж нийлүүлэлт байхгүй байсан байна. Тэд хувь хүний гар дээрх зэр зэвсгээр зэлсэглэж байсан бололтой байдаг. Сайн чанартай буу зөвхөн дээд лам нар, жанжингуудад байв. Олон босогчид огт зэвсэггүй байсан ба босогч нар улсын байгууллагын ажилтны отрядууд зэвсгээ хураалгах тохиолдолд л сайн зэвсэглэж байлаа. Заримдаа сумын төвийг болон хүршооллыг эзлэн авах үед буу зэвсгийг (бeрдаан) булаан авч зэвсэглэж байжээ. Рашаантын хүрээнд байсан 300–400 босогчдын дунд 2 винтов буу, 1 ангийн маузер, олон цахиур буу, бeрдаан буу байв. Босогчдыг бут цохиход 38 цахиур буу, бeрдаан бууг олзлон авчээ. 8-р сарын 7-ны мэдээгээр, Хөвсгөл аймаг дахь хоёр сумд байсан 300 босогчдын хувьд 100 бердаан, винтов буу, 3 маузер буу оногдож байсан ба бусад нь шийдмээр зэвсэглэсэн байна.. Хамгийн сайн буу зэвсэг Дамдинсүрэнгийн отрядад байсан бололтой. Түүний отрядыг бут цохисны дараа ардын цэргүүд 3 маузер, 3 винтов, 2 орос винтов, 3 япон винтов, 3 хайрцаг япон винтов бууны сум, 560 ш. Орос винтовын сум, Шош пулемет 1, Максим пулемет 1, Дегтярев пулемет 1, 7 диск сум, бeрдаан 3, цахиур буу 28, 80 толгой морь, 1 туг, тэмээ зэргийг олзлон авсан байна. Босогчидод хүнд зэвсэг болох их буу, миномёт төдийгүй пулемёт зэрэг орчин үеийн зэвсэглэл бараг байгаагүй бөгөөд сайд Содномын отрядыг бут цохиход 3 пулемёт олзолсон боловч дараагийн тулаанд бүгдийг алдсан байна.
Засгийн газрын хүч
Засгийн газрын цэрэг нь байнгын армийн хүч байсан бөгөөд ЗХУ-аас өгсөн цэргийн зэр зэвсэг, байлдааны техник хэрэгслээр хангагдсан байжээ.
Долоодугаар сард Хөвсгөл аймагт байсан Дэндэвийн отрядад (36 хүн) болон Цэрэндоржийн отрядад (40 хүн) цэрэг бүр винтов буутай, отряд тус бүр 2 пулеметоор хангагдсан байв. Бүрэнханы хамгаалах отряд, Шус дахь партизанууд (50 хүн) 20 винтов буу, 20 бeрдаанаар зэвсэглэжээ. Рашаант сумын төвд 50 партизанд 20 винтов, 20 бeрдаан оногдож, Хөвсгөл сумын 25 партизан – 20 винтов, 2 пулеметтой байсан. Улаанбаатар ба аймгийн төвөөс нэмэн ирж байгаа цэргийн анги зэвсгээр бүрэн хангагдсан ба пулемет, гар бөмбөг зэрэгтэй байв. Түүнээс гадна энэ ангиудад уулын их буу, хуягт машин, онгоц гарган дэмжлэг үзүүлж байв. 1932 оны 5–7 сард босогчдыг дарахад хоёр Р-1, нэг Р-5 нисэх онгоц оролцжээ. Б.Намсрайн отрядад байсан Ж.Рэнцэний дурсгамжаар түүний отрядад 2 их буу, 3 хүнд пулемет, нисэх онгоц Р-5 нэг байсан байна. Бослого газар авсны дараа зөвлөлтийн удирдлага 6 сарын 2-нд Читагаас Улаанбаатар руу 10 нисэх онгоцтой отрядыг нисгэн улмаар БНМАУ-д шилжүүлэн өгсөн байна Бослогыг дарахын тулд тээврийн машин, 3 хуягт танк хэрэглэж тэдгээрийг зөвлөлтийн хоёр сургагч, нэг монгол хүн – Ц.Төмөр жолоодож байсан. Эдгээр нь БА-27 хэмээх хуягт машин эсвэл Т-18 хэмээх маркийн танк, эс бөгөөс Т-27 танкетик байсан байх боломжтой.
Бослогын явц, түүнийг дарсан нь
Босогчид Рашаантын хүрээг эзлэн "Очирбатын яам" нэртэйгээр бослогын төвийг "чойжин" Эрэгдэндагва, тайж Дандар, залан Жамсрандорж нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, лам, ардуудыг цэрэгт дайчлан "шар цэрэг" гэж нэрлэн аравт, тавьт, зуутын зохион байгуулалттай цэргийг зохион байгуулж эхэлсэн байна. Бослого маш хурдан тархаж олон тооны сум, хамтралын төв бүхий өргөн уудам нутагт тархсан байна. Босогчид бороохой, ташуур, цахиур болон бусад олон төрлийн галт зэвсгүүдээр зэвсэглэсэн байсан бөгөөд сум, хамтралын төвүүдийг эзлэн, байшин барилга зэргийг устгаж, албан хаагч, идэвхитэн болон жирийн малчдыг хүртэл харгис аргуудаар тамлан зовоож, алж байсан. Бослогод лам, тайж нараас гадна жирийн малчид, нам, эвлэлийн гишүүд тэрчилэн сум, хамтралын дарга, удирдах албан тушаалтан зэрэг төрийн албан хаагч нар оролцсон байна. Бослого нь тухайн үеийн Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл аймгийн нийт нутаг, Өмнөговь, Говь-Алтай аймгийн зарим хэсгийг хамарсан байна. Босогчид Хөвсгөл аймгийн төв Мөрөнг довтлон эзлэх зорилго тавьж байжээ. Рашаантын хүрээнд байсан эсэргүү бослогын төв Очирбатын яам, түүний 3000 гаруй босогчид нь Хөвсгөл аймгийн Хялгант Рашаантын (одоогийн Рашаант суманд) хүрээнд 300, Асгатын хүрээнд 200 (одоогийн Тосонцэнгэл Түнхэл суманд), Бүгсүйн хүрээнд 500 (Одоогийн Төмөрбулаг суманд) , Тэсийн хүрээнд 1000 (одоогийн Цэцэрлэг суманд) бөөгнөрч 300-аас 1000 хүртэл хүмүүсээр бүрэлдсэн цэргийн зохион байгуулалт хийж тохиолдсон хүмүүсийг хүчээр өөрийн цэрэгт дайчилж 1000 гаруй босогчдоор 7 отрядыг байгуулж зэвсэгт отрядыг нэмэн байгуулсаар бүгд 13 отряд болж, отряд бүрийг удирдах хүнд жанжин гэдэг тушаал өгч Б.Түгж, Б.Аюурзана, Т.Магнай, Т.Сумъяа, Ш.Жур, Бү.Норовсамбуу, Бадрах, Бадамжав нарын 10 хүн жанжин гэгч тушаалтай болж Магнайг гэсэрийн 32 баатарын 1, Самданг "Догшин ноён хутагт", Самбуудүвчинг ловон Бадамжунайн бүрэлбаа, Дамдинсүрэнг гэгээн гэх мэтээр нэрлэж өөрсдийгөө өргөмжилсөн байна. Олон тооны хувьсгалчид, энгийн ардуудыг барьж тамлан зовоож алах, орон нутгийн захиргаа хоршоо, хамтралуудыг дээрэмдэж авсан буюу өөрсдийн дарж цуглуулсан буу зэвсгээр шар цэрэг гэж нэрлэсэн хүмүүсээ зэвсэглэжээ. Хувьсгалын эсэргүү нарын удирдах том төв нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын Бандидын гэгээний хүрээнээ төвлөрч “шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Очирбатын яам гэж нэрлээд хувьсгалчдыг байцаан шүүхэд зориулсан банз шаахай мэт хэрэгслүүдийг тусгайлан бэлтгэсэн байлаа. Дайчилсан ардуудыг 10-т , 50-т , 100-т гэх мэтээр зохион байгуулжээ. Өөрийн шар цэргийн хүзүүнд цагаан зангиа зүүж, цэргийн анги салбарууддаа цагаан ногоон 2 өнгийн тугийг хэрэглэх журмыг тогтоож 1932 оны дөрөвдүгээр сарын 16-нд Улсын бага хурал, Засгийн газрын тэргүүлэгчдийн хамтарсан онц хуралдаанаар “Хөвсгөл аймагт гарсан хувьсгалын эсэргүү бослогын тухай” ДХГ-ын илтгэлийг сонсоод, Хөвсгөл аймагт гарсан эсэргүү бослогыг богино хугацаанд дарж ард түмний тайван байдлыг хангах арга хэмжээ авахаар мөн газрын тусгай хорооноос хөнгөн палемёт, винтов, гранатаар зэвсэглэсэн байлдааны тусгай отряд гаргаж 1932 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатараас илгээжээ.
Отрядын ерөнхий командлагчаар ДХГ-ын орлогч дарга Гиваапил, сургагчаар тусгай хорооны сургагч Исаков, Отрядын дарга Батаа, комиссар нь Шаравдорж нар явжээ. Батын отряд дөрөвдүгээр сарын 24-нд эхлээд 700 гаруй эсэргүү нартай хүчтэй байлдаж дайсны бөөн хүчийг бутарган сарниулжээ. Дайсан эзэлсэн байгаа алдахгүйн тулд шургуу эсэргүүцсэн авч манай цэрэг Рашаантыг чөлөөлөхөд долоон удаа хүчтэй тулалдаж эсэргүү нараас бүгд 200 гаруй хүн алагдаж шархадсан ба 200 шахам хүн бууж өгчээ. Мөн бослогын төв штаб, Очирбатын яамны тамга, бичиг баримтын зүйлийг олзлон авчээ. Эсэргүү нар Рашаантыг эзэлсний дараа тэнд байсан албан байгуулагуудыг шатаан дээрэмдэж 30 гаруй идэвхтэн ажилчдыг амьдаар нь арьсыг хуулах, үсийг зулгаах, махыг огтчих зэрэг жигшүүрт харгис яргаллыг явуулсан байжээ. Батын отряд цааш дөрөвдүгээр сарын 27-нд Асгатын хүрээнд байсан Самбуу дүвчингийн 200 цэрэгтэй байлдаж гол хүчийг унагаснаар Самбуу дүвчин хэсэг цэргийн хамт зугтаажээ. Дөрөвдүгээр сарын 29-нд Бүгсүйн хүрээнд байсан дайсантай долоон цаг байлдаж, эсэргүү цэргээс 30 гаруй хүн алагдаж нэлээд хүн шархаджээ. Дайсан Бүгсүйн хүрээг алдаад Мөрөн голын урьд талд Цагаан бургас, Загзууд (одоогийн Бүрэнтогтох сумын нутагт) очиж 1000 гаруй хүний хүчийг хуралдуулж, Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг эзлэхээр зорьжээ.
Ц.Гиваапил босогчидтой байлдаж ялахын хамт тагнуулын аргаар босогчдын байдал, хүч зохион байгуулалт, удирдагчдын талаар судалгаа сайн хийж, нууцаар нэвтэрч ороод удирдагчдын хооронд хагарал гаргах, бууж өгөх, хүчинд автагдаж яваа жирийн хүмүүсийг салгаж авах талаар байлдааны ба гүйцэтгэх ажлын хосолмол нарийн арга тактикийг боловсруулан ажиллаж байлаа. Батын удирдсан отряд дээр хүч нэмж ДХГ-аас 1932 оны дөрөвдүгээр сарын 29-нд Нясалдаг даргатай отряд монгол тээхийн “Газ” машин долоо, ДХГ-ын “М” машин гурвыг хэрэглэж байлдааны бүрэн зэвсэгтэй гурван салаа цэрэг хотоос гарч, дөрөвдүгээр сарын 30-нд одоогийн Булган аймгийн төв, тэр үеийн дайчин вангийн хүрээнд хоноод, тавдугаар сарын 1-нд Архангай аймгийн Сайхан сумын төвд хүрч цааш явсаар Рашаантын төвд очиж Батын отрядтай нийлжээ.
Нэгдсэн отряд Жалханзын хүрээнд байсан 300 шахам эсэргүү нартай долоон цаг байлдаж уг хүрээг чөлөөлжээ. Энэ байлдаанд эсэргүү нараас 100-гаад хүн алагдаж 37 хүн шархдаж, үлдсэн хэсэг нь бартаат газрыг дагаж ухарчээ. Отряд нь дайсныг мөрдөн хөөж устгахдаа 40 гаруй том толгой лам нарыг баривчлан авч байцаалт явуулсан ба тагнуулын хүчээр дайсны хүч бөөгнөрлийг мэдэж, мөн нутгийн ардууд, хүрээний ядуу лам нарт нам, засгийн бодлогыг тайлбарлан таниулж, эд хөрөнгийг орон нутгийн албан байгууллагуудад хүлээлгэн өгчээ. Тавдугаар сарын 8-нд Тэсийн хүрээнд бөөгнөрч байсан 1000 гаруй хүнтэй эсэргүү бослогын хүчийг бут цохиж 200 гаруй хүнийг устгаж, удирдагч гавж лам Шагжийн хамт 60 шахам том толгой лам нарыг баривчилжээ. Босогчдын гол хүчин гэж бут цохигдсон ч зугтааж сарнисан зарим хэсэг нь Сангийн далай, Булнайн ар, Тэлмэн нуур зэрэг гурван газарт хүчээ нэгтгэн цуглуулж байжээ. Тэд нарт “Зэвсгээ хураалган бууж өгч, засгийн энэрэл өршөөл хүлээхийг олон удаа ухуулан сурталчилсан боловч босогч нар өөрийн зорилгод итгэсээр тавдугаар сарын сүүлчээр сарнин бутарсан хүчээ цуглуулж, Хөвсгөл аймгийн төвийг эзлэхээр дахин санаархан Мөрөн голыг хоёр чиглэлээр гатлахын тулд отрядтай 2-3 өдрийн турш голын хоёр талаас харилцан буудалцжээ. Энэ байлдаанд босогчид 90 гаруй хүнээ алуулж 30 гаруй хүнээ шархдуулж гучаад хүн нь амьд баригджээ.
Загзуугийн хүрээнд бөөгнөрсөн 1000 гаруй босогчид тавдугаар сарын сүүлчээр бут цохигдохдоо 200 шахам хүнээ гарздаад зугтааж, жанжин Жамц, Самбуу дүвчин нарын удирдсан үлдсэн хэсэг нь 1932 оны зургадугаар сард Домбуу хавчууд (одоогийн Шарга сумын нутаг) очоод байлдаанд шинээр бэлтгэж, Домбуу, Булнай, Бүрэнтогтох, Бүгсүй, Жалханзын хүрээний баруун ууланд цугларсан учир Мөрөн хотын талд улаан цэргийн отряд иржээ. Рашаант ба Асгатын хүрээнд анх удаа бут цохигдсон этгээдүүд Архангайн баруун хойт тал Мухар хожуул, Бухын хүрээ зэрэг газар хүчээ дахин хуралдулж байгаад отрядад бут цохигдон, Цагаан бургас, Бүгсүй, Олон голын бэлчир зэрэг газарт үүрлэн байсан Жамц, Түгж, Овоодой, Ноогон малгай Дамдинсүрэн, Жур нарын бөөгнөрсөн хүчийг бут цохих үүрэг отрядын өмнө тулгарчээ. Босогчид 1932 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл аймгийн Рашаант, Асгат, Бүгсүй, Жалханз, Тэсийн хүрээдийн орчимд бут цохигдсон боловч Түгж, Норовсамбуу, Ээмэгт лам, Жав нарын удирдсан бүлгүүд нь Завхан аймгийн хойт сумд ба Хөвсгөл аймгийн баруун хойт Тэс, Баянхайрхан сумдаар дамжин Увс,Тагна, Тува улсад нэвтрэх буюу буцаж Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал хотуудыг баруун хойт талаас нь довтлоод бут цохигдон, зугтаасан ба үлдэгдэл нь Булнай, Сангийн далайд хүчээ бөөгнүүлж байхад чекист Ө.Данаа нарын хэсэг хувьсгалчид Баянхайрханд тэмцэж байгаад алагдсан ба Дамбуу хавчууд сургагч Исаков нар байлдаад амиа алджээ.
Ногоон малгайт Дамдинсүрэнгийн удирдсан шар цэрэг Шумуултайн хүрээн дээр хүчээ бөөгнүүлж 500 гаруй болоод, Завхан аймгийн Идэр, Улаагчин сумд ба аймгийн төвийг эзлэх гэсэн авч улаан цэрэгт ялагдах үедээ чекист Ц.Донров, сургагч В.Е.Колосс, С.Янсанжав нарыг тамлан алаад, Архангай аймагт Тариатад ирж, Рашаантаас Архангайн чиглэлд зугтсан Самбуу, Жамц, Аюурзана, Магнай, Сумъяа, Жур нартай нийлж үлэмж их хүчийг хуралдуулжээ. 1932 оны таваас зургадугаар сард босогчдын нарын гол хүч Архангай аймгийн Тариатад бөөгнөрчээ.1932 оны тавдугаар сард “Ногоон малгайт” Дамдинсүрэнгийн цэрэг Архангай аймгийн Тариатын хүрээн дээр төвлөрч байхдаа хуучин сайн ноён хаан аймгийн Далай Чойнхор чин ван Цэдэнсодномын хошууг “сэргээхээр” түүний хүү 16 настай Жигжидсүрэнг хошуу ноён болгон феодализмыг сэргээх гэсэн зохион байгуулалтын зарим оролдлого хийжээ. Архангай аймгийн удирдлага, Засгийн газрын бүрэн эрхт комиссын дарга Ж.Лхүмбийн шийдвэрээр өөрийн аймаг дахь нутгийн зарим албан хаагчдаар хоёр отряд байгуулж, нэгийг Хөвсгөл аймагт, нөгөөг Тариат сумыг хамгаалуулахаар явуулжээ. Архангай аймгийн намын хорооны нарийн бичийн дарга Г.Гончигдорж, дотоодыг хамгаалах ангийн дарга Намжаан нарын отряд босогч нартай хэдэн удаа тулалдсан ба тэд 1932 оны тавдугаар сарын 5-нд Тариатаас хойш Арын хүрээний орчимд эсэргүү нартай байлдаж тавдугаар сарын 9-нд Дамдинсүрэнгийн илүү давуу хүчтэй тулгараад зугтааж гарсан байна. Тэр үед Алтай аймагт гарсан хувьсгалын эсэргүү хөдөлгөөн бүрэн дарагдаагүй. Харин Өмнөговьд гарсан болого дарагдсан учир тэр чиглэлд засгийн газрын бүрэн эрхт комиссын даргаар ажиллаад дөндөж ирээд байсан Худалдаа, аж үйлдвэрийн яамны сайд Г.Содномыг Архангай аймгийн Тариатын хүрээний босогчдын бүлгийг дарах ажлыг эрхлэх засгийн газрын бүрэн эрхт комиссын даргаар томилон явуулжээ. Г.Содном Архангай аймагт очиж байдлыг танилцаад Аймгийн цэргийн хорооны түр цэргээс 30-40 хүнтэй нэг салаа цэрэг, аймгийн албан хаагчдаас тийм хирийн хүн авч бүгд 70-80 хүнээр яаравчлан байгуулсан отрядыг удирдан авч явжээ. Отрядын бүрэлдэхүүнд ДХГ-ын ерөнхий сургагч В.С.Кияковский, ДХГ-ын хэлтсийн дарга Цэдыпов (Норовжамц), сургагч Бадамын буюу Балдан, Архагай аймаг дахь ДХ ангийн ажилд туслахаар очсон С.Галиндэв, төлөөлөгч Л.Аюушжав, сургуулийн багш Д.Даш, мөн Самбуу (бүдүүн) хүний эмч Немой зэрэг хүмүүс оролцсон байна. Дамдинсүрэнгийн бүлэг Завхан аймгийн төв Улиастайг эзлэхээр Батчулуун Жанжны цэргийг сонгож Идэр сум руу илгээсэн байна. Тэнд улаан цэргийн отряд Улиастайгаас тосон ирж байлдаад тэднийг ялж Батчулуун алагдсан учир Завханыг орхиж, Архангайн төвийг эзлэхээр уналга, байр, хүнс бэлтгүүлэхээр Тариатаас хоёр өртөө хол (50-60 км) зайтай Гичгэнэ гэдэг газарт 30 хүнийг урьдчилан явуулэжээ. Тэд замдаа Содномын отрядын агтыг дээрэмджээ. Босогчид Содномын отрядтай байлдахын урьд үдэш хоёр дахин их “сор” залж буу тавьж бэлтгэсэн байна. Тэгээд 5-р сарын 13-ны өглөө Содномын отрядтай байлдахдаа нэг шар, хоёр цагаан тугтай, цэргүүд нь зүүн мөрөндөө цагаан даавуу тэмдэг уяж бас “Зая Бандид” гэсэн төвд ном хадагт боож зүүсэн зангиатай байж, бүх цэргийг морьтой хүн командлаж байлдаанд оруулсан ба хойноос нь лам нар орохоор хүлээн зогссон байжээ. Содномын отряд 5 сарын 13-ны өглөөний 05 цагт Тариат руу давшиж 1000 гаруй босогч нартай гурван цаг хагас хиртэй буудалцаад бут цохигдсон байна. Босогчид хэд дахин дайрахад нь хориглож тогтоосон боловч сум дуусч, пулемёт гацсан, 18 орчим цэрэг байлдааны дундуур урвасан учир отряд дийлдсэн байна. Босогчид 100-аад хүн алагдаж 100-аад хүн шархадсан ба Содномын отрядын Кияковский, Ниожиготов, Немой зэрэг олон тооны хүн тулалдаанд алуулсан ба Содном тэргүүтэй олон хүн олзлогдсон байна. Содном тэргүүтэй 5 хүнийг байлдаан болсны маргааш нь 14-нд устгасан байна. Ногоон малгайт Дамдинсүрэн тэргүүтэй босогчид Архангайн төвийг эзлэхээр Тариатаас гарсан боловч 19-ний өдөр Гичгэнийн голд Өлзийбатын отрядтай тулгарч буудалцаад олон хүнээ алуулж, зарим нь зугтаажээ. Д.Өлзийбат, Юшкеевич нараас 1932 оны тавдугаар сарын 19-нд Цэргийн зөвлөлд ирүүлсэн илтгэлээс үзэхэд, “Гичгэнийн гол дээр ирээд бидний зэрэгцээ 100 гаруй эсэргүү явааг илрүүлсэн бөгөөд Тэрхийн голыг гатлах аргагүй тул эсэргүү нарыг аэроплан ба их буу, пулемётоор довтлов. Эсэргүү нараас хичнээн алагдсаныг мэдэхгүй гэсэн байв. Харин Д.Өлзийбат, Д.Намсрай нараас 1932 оны наймдугаар сарын 5-нд цэргийн зөвлөлд бичсэн илтгэлээс үзэхэд тус отрядын оролцсон 15 тулгаралтыг сар өдөргүй бичсэн ба анх удаа Архангай аймгийн Тариатын хүрээнээс урагш 60-70 км зайтай Гичгэнийн голд “Ногоон малгайт Дамдинсүрэн, Дэндэв нарын 600 гаруй эсэргүү нартай тулгарч байлдсан байна. Нисэх онгоц, их буу, танкийн тусламжтайгаар тэднийг цохиж сарниулсан ба энэ тулалдаанд 70 шахам хүнийг алж, 74 хүнийг буулган авчээ. ДХГ-аас томилогдсон гурван отряд буюу таван салаа орчим цэргийн хүчээр дарах бололцоогүй болсон учир ДХГ-ын саналын дагуу МАХН-ын Төв Хороо, Засгийн газраас ДХГ-ын цэрэгтэй хамтран ажиллах үүргийг Монгол Улсын батлан хамгаалах зөвлөлд өгснөөр 1932 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар хуралдаанаараа тогтоол гаргаж цэргийн зөвлөлийн гишүүн, Монгол Ард Улсын хувьсгалт улаан цэргийн улс төрийн газрын дарга Д.Өлзийбат, гишүүдэд Архангай аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга Гончигдорж, мөн аймгийн захиргааны дарга Дамбаринчин, 10 дугаар дивизийн дарга Гомбосүрэн, мөн дивизийн комиссар Гомбожав, цэргийн ерөнхий сургуулийн сургагч Юшкеевич, Архангай дахь ДХ ангийн дарга С.Галиндэв (Намжаан байж магадгүй) нарыг томилжээ. Өлзийбатын араас, Намсрай даргатай отряд тавдугаар сарын 14-15-ны орчимд хотоос гарч, мөн цэргийн ерөнхий сургуулийн захирал А.Содномын отряд (дараа нь Чоймбол) гарч Архангай, Өвөрхангай, Завханд босогч нартай тулалдсан байна. Мөн энэ үед Ж.Малж, Д.Ванчиг нарын отрядууд Архангай, Хөвсгөл аймагт ажилласан ба Архангайн 17, Завханы найм, Ховд, Увс (дөрвөд) аймгуудаас тус бүр нэг отряд гарчээ. Гичгэнэд бут цохиулаад Дамдинсүрэн хэсэг хүмүүсийн хамт зугтаасан ба Гиваалил Тариатын хүрээ рүү хоёр салаа цэрэг явуулжээ. Тэд хүрээнд орж 200-аад эсэргүү нараас, “Ерөнхий жанжин” Санжжав, “Туслах жанжин” Дагва, бага хурлын гишүүн байсан Дарьсүрэн нарыг 30 ламын хамт баривчлан ирсэн байна. Дамдинсүрэнг Хөгжлийн голын эхэнд гүйцэж буулгаад жанжин Дэндэвийг 40 хүний хамт устгаж 15 хүнийг баривчилжээ. Тэднээс олзолсон зэвсэг нь шош пулемёт нэг, япон винтовын сум зургаан хайрцаг, орос винтовын сум 560 ш, Тариатаас максим хүнд пулемёт нэг, хөнжлийн голд тектров пулемёт 26. Мөн урьд Тэрхийн голд гурав дахь удаа байлдахдаа босогчдоос 30 хүн устгаж 39 хүн баривчилсан байна. Дөрөв дэх удаа Хөнжлийн дуганы ойролцоо, доод Цэцүүх гэдэг газарт Дамдинсүрэнгийн 460 хүнтэй буудалцаж, 100 орчим хүнийг устган, цааш мөрдөн хөөж Бор бургалын дуганы тэнд гүйцэж ногоон малгайт Дамдинсүрэн болон Тарган хувилгаан гэгч Ринчингийн хамт хэд хэдэн хүнийг баривчилсан ба Дамдинсүрэн хүнд шархадсан байсан ба зөөвөрлөх боломжгүй байсан тул газар дээр нь цэргийн хээрийн шүүхээр шүүж буудан алсан байна. Хөвсгөл аймагт бослого эхлэн гарч олонх сумдыг хамарч гол хүчээ бөөгнөрүүлсэн Жалханзын хүрээнд 500-гаад босогч долоон цагийн турш, Тэсийн хүрээнд 1000-гаад босогч хоёр өдрийн туршид, Загзууд 1000 гаруй босогчтой 12 цагийн туршид ширүүн байлдаан болж 300-гаад босогч үүрлэсэн Хялганатын хүрээ, тус бүр 500 босогч үүрлэсэн Асгат, Бүгсүйн хүрээ, 600-гаад босогч үүрлэсэн Рашаантын хүрээ зэрэг газруудад тулалдаан болж тухай бүрт босогчид бут цохиулсан байна Архангай аймгийн Наран, Цахар, Тосонцэгэл, Их-Уул, Цэцэрлэг, Тариат, Өндөр-улаан, Жаргалант, Хан-Оюут, Идэр, Чандмань, Эрдэнэмандал сумд ба Хожуул, Шумуултай, Тариат, Арын хүрээ зэрэг газруудад Бор гэгээн гэгч Самдан, ногоон малгайт Дамдинсүрэн, Бадрах, Жур, Магнай, Аюурзана, Түгж, Сумъяа зэрэг жанжнуудаар удирдуулсан 500-1000 хүртэл тооны шар цэргийн хүчинд ДХГ-ын орлогч дарга Гиваапилийн удирдсан отряд гол цохилтыг өгч бут цохин сарниулсан байна. Завхан аймгийн Шилүүстэй суманд Да лам Хайдав, гэлэн Дорж, Шаравл нарын 30-аад лам нар бослого гаргахаар нууц хурал хийж байсан ба Нөмрөг, Ургамал сумдад тайж Дансран, Гүнчиндорж, Ванчиндорж нарын 13 хүн нууц хурал хийж сумы захиргаа, хоршоо, хамтралыг дээрэмдэн, сумын хариуцлагатан нарыг баривчлан эсэргүү нарын гарт өгөхөөр бэлтгэж байв. Архангайд бут цохигдсон Түгж, Магнай, Бадрах, Тарав жанжин нарын удирдсан шар цэргүүд улаагчин, Идэр, Тэлмэн, Сонгино, Отгон сумдад ирж 1932 оны зургадугаар сарын 30-ны мэдээгээр эсэргүү нарын учруулсан хохирол 118000 төгрөг, мал 1800-гаад толгойд, эсэргүү нарыг аялдан дагалдагчид 1300-д хүрч байсан тул тэдний эсрэг нам, эвлэлийн гишүүд, идэвхтэн ардууд 600-аад хүн сайн дурын отряд болон улаан цэрэгтй хүч хамтран нийлж дээрх дайсныг бут цохисон байна. Өвөрхангай аймгийн Заг сумын Байдрагын хүрээний 300-гаад феодал лам нар Монхор, Магсар нарын удирдлагын дор босч харилцаа холбоо, өртөө суманг эзэлж авсан ба Номинхаан, Баянхонгор, Мандал сумдыг эзлэн авчээ. Ламжав, Цэвэгмид, Төмөр, Мишиг, Дашцэрэн, Балган, Барамсай, Дамдинсүрэн, Ойдов, Сүрэнжав, Уртнасан нар шар цэргийн жанжнаар явж, “Ванчинбогд, Дилав хутагт, Зая гэгээн гэсэн найман хутагтаар толгойлуулсан их цэрэг Тариатад ирсэн тул манай Өвөрхангайчууд хоцроод байна” гэж цуурхал тараан эсэргүү хөдөлгөөн нь Хүрээмарал, Бөмбөгөр, Богдмандал, Баянбулаг сумдыг хамтран байсан тул А.Содномын отряд очиж цохилт өгсөн байна. Босогчид зөвхөн Монголын хувьсгалыг устгаад зогсохгүй, улмаар Тагна Тува улсын хувьсгалыг устгах зорилго тавьж байсан нь хожим яллагдагч Бор гэгээн, Самдан, Түгж, Буриад, Шагдар нарын мэдүүлгээр илэрчээ. Бутарсан хэсгээс үлдсэн хүч нь Тэсийн чиглэлд “Бишрэлтийн хувилгаан” гэдэг Ээмэгт лам ба бусдаар удирдуулсан 4-5000-аад хүн Монгол-Тувагийн хил Дордогой, Агар, Зайгал зэрэг газруудаар хүчээ бөөгнүүлж Хатгал-Мөрөнгийн баруун хойт талаас довтлохоор бэлтгэж байв. Отрядууд эдгээрийг мөрдөн хөөж Тэсийн хүрээний баруун талд Шагдарын удирдсан 150 гаруй босогчдыг бут цохиж Тагна Тувагийн хилд ойрхон Ээмэгт лам (Дамдин бишрэлийн хувилгаан)-ын удирдсан бүлэг Тувагийн зарим оргодлуудтай нийлсэнийг Тувагийн цэргийн ангитай нийлж бут цохиход Ээмэгт лам 60-аад хүний хамт зугтааж явсныг хүч нэмэгдүүлсэн Дорлиг даргатай салаа цэрэг мөрдөн хөөж Дамдинбишрэлт гэдэг Ээмэгт ламыг 25 хүнтэй нь алж, 28 хүнийг амьдаар нь барьжээ. Агт морь 400 гаруйг буу зэвсгийн хамт хураажээ. Тэр үед Улаангомын отрядын дарга Тагжид, Завханы хоёр отрядын дарга Лувсан, Дэмчигдорж нарын удирдсан отрядууд Уран дөш гэдэг ууланд 500 гаруй босогч нартай байлджээ. Хужирт, Шаварт, Зайгал зэрэг 11 газарт хүчтэй байлдаж, 4000 гаруй мал, гэр, буу зэвсэг, эд зүйлийг хураан авч орон нутгийн захиргаанд шилжүүлжээ. Тувагийн хувьсгалаас оргож ирсэн 40 шахам хүнийг баривчилж, 60 шахам эмэгтэй голдуу хүнийг Тува улсын цэрэгт буцааж өгчээ.
Ийм байдлаар, босогчдын хамгийн том отрядууд нь хэдэн зуун тооны босогчдоос бүрэлдэн тогтож байжээ. Улааны анхны отрядыг орон нутагт бүрэлдүүлсэн боловч дараа нь ДХГ-ын хүчийг ирүүлсэн билээ. Энэ отрядууд цөөн тооны хүчтэй байв. Бослого эхэлсний дараа удалгүй Хөвсгөл аймгийн удирлага 38 хүний тоотой сайн дурын отрядыг зохион байгуулав. Мөрөнд улааны сайн дурын отряд 235 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдав. 1932 оны 5-р сарын 9-ны өдрийн БНМАУ-ын Цэргийн зөвлөлийн шийдврээр Монголын Ардын армийн цэргээс 4 отряд зохион бүрэлдүүлж, Ховд, Завхан, Увс аймгаас хоёр морьт хороо, нэг буут хороог бүрдүүлэн гаргасан байна. Бүх цэргийн тоо нь 1300 хүн болно. 7-р сард Хөвсгөл аймагт сумын төвүүд дахь хамгаалах отрядууд 20–50 хүний тоотой байв. 8-р сарын үед Архангай болон Хөвсгөл аймагт улаантаны анги 130–200 хүний бүрэлдэхүүнтэй байв. Улаанбаатараас ба аймгийн төвөөс нэмэн ирж байгаа цэргийн анги зэвсгээр бүрэн хангагдсан ба пулемет, гар бөмбөг зэрэгтэй байв. Түүнээс гадна энэ ангиудад уулын их буу, хуягт машин, хоёр онгоц Р-1 ба нэг Р-5 гарган дэмжлэг үзүүлж байв. 1932 оны бослогыг дарахад ийм танк оролцсон уу үгүй гэдэг талаар ямар ч мэдээлэл байхгүй. Бид олж мэдэж чадсангүй. Энэ танкетка гэдэг пулеметын жижиг танк байсан байх боломжтой билээ.Юу ч байсан танкетка “танкетик” мэдээнд дурьдагдаж байна. Тиймээс монгол отрядын дарга нар танкеткийг хуягт тэрэг гэж нэрлэж байсан бололтой[27].
Үр дүн, хохирол
Бослого нь тухайн үеийн монголын төр, засгийн эрхийг барьж байсан МАХН-ыг өөрийн бодлогыг хянан үзэхэд хүргэсэн бөгөөд монгол улсын нийгэм-эдийн засагт асар их хор хохирол учруулсан байна. Зэвсэгт босогчид нь 45 сумын захиргааг сургууль, соёл хүн, мал эмнэлэг, худалдаа хоршооны хамт устган дээрэмдэж Босогчдын байлдааны хохирол 1915 хүн алагдсан, 38 хүн шархадсан байна, харин улааныхаас–харьцангуйгаар, 35 ба 27 болно. Босогчдын удирдлагын дотроос байлдаанд алагдсан дарга нар ба зуутнууд: лам Дамдинбишрэлт, зуут Санжжав, жанжин Б. Дашням, Шажинбадрах, тайж Ванчиг, Т.Доржбачин, Ж.Туваан, Жамбал, Обсандамба, Шаравжамц, Баяр, Дамбадорж, Гончиг, Сандаг, Гүржав, Хайнзан, Жигжид, Сэврэн, Ядамсүрэн, Чимэд, Шагдарсүрэн, Жигмэсүрэн, “Хөх” Жав. Жанжинуудын хэсэг нь баривчлагдсан болно. Алагдсан хүний тоонд улааны талаас 1 сайд, ардын цэргийн 4 дарга, 1 эмч, ДХГ-ын дарга, шууд биелүүлэгч ажилтнууд 4, ДХГ-ын сургагч 3, нам, эвлэлийн болон улсын захиргааны албаны нилээн хэдэн ажилтнууд байв. Ш.З. Элиава 1934 оны 11 сарын 10-ны өдөр МАХН-ын 9-р их хурлын ажлын дүнг хэлэлцсэн Коминтерний тэргүүлэгчдийн хуралдаан дээр 1932 оны бослогод хамгийн олон тооны хүн амьдардаг 5 аймгийн хүн амын 70% оролцсон ба 8–10 мянган хүн алагдсан байна гэжээ. Монголын архивын баримтууд Элиавагийн хэлсэн энэ тооноос ялгаатай байна. Архангай аймгийн удирдлагын мэдээгээр, бослогын үед таван сумд 602 хүн алагджээ. Хөвсгөл аймгийн зургаан суманд алагдсан 609 хүн. Бусад мэдээгээр, 1932 оны 4 сарын дундаас 7 сар хүртэл бослого гарсан Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан аймгуудад алагдан хохирсон хүний тоо нийлээд 700 хүн гэнэ. Тухайн уул бичгийн утгаар бол босогчдын байлдаанд ба залхаан цээрлүүлэх арга хэмжээний үеэр алагдсан хүний тоог үзүүлсэн болов уу гэж санагдана. Архангай, Завхан, Хөвсгөл аймгуудад гарсан хохиролын дүнг хүснэгтээр харуулсан байдаг. Түүний тоог нэмэж үзвэл алагдсан 1402 хүн болно. Хэрвээ монголын архиваас гаргасан тоо мөн Элиавагийн илтгэлдээ өгсөн тоо зөв гэж үзвэл бослогын үеэр алагдсан босогчдын тоо бослогын үеэр үхсэн хүний ерөнхий тооноос олон дахин бага гэж багцаалагдана. Тэгвэл ихэнхи хүмүүс босогчдын биш харин улааны үйл ажиллагааны үр дүнд алагдан хохирсон болж байна. Бослогын толгойлогч Чимэдийн Самбуу , Цэдэнгийн Жамц, Самбуугийн Буриад, Батболдын Түгж Баатарын Аюурзана, Чимэддорж, Ширэндэв, Жамсрандорж, Вандансүрэн, Бямба, Ёндон, Бат-Очир, Тогоо, Лхаажав, Агваандорж, Буяндэлгэр, Очиржанцан (хүүхэд) Магнай, Сумъяа, Самбайдив, Жур, Түмбаяр, Норовсамбуу, Бадрах, Тарваа, Бадамжав, Дармаа, Пүрэвцэрэн, Төгөлдөр, Сэдбазар, Шагдар, Долгор, Очирбат, Аюурзана, Дэндэв, Цэрэндамба, Төмөрбаатар, Түдэв, Санжмятав нарын 39 хүнийг дотоодыг хамгаалах газар мөрдөн байцааж шүүхэд шилжүүлсэн ба Улсын Дээд шүүхээс 6 хүнийг суллаж, 15 хүнийг хорих, 18 хүнийг хуулийн дээд хэмжээгээр шийтгэхээр шийдвэрлэсэн байна.
Мөргөлдөөний нэг тал-босогчид гадны дэмжлэггүйгээр байлдана. Мөргөлдөөний нөгөө тал гадаадын улс төрийн болон цэргийн дэмжлэгт түшиглэж байв. Энэ нь дээр нэгэнтээ өгүүлсэн Сталины БХК(б)Н-ын Төв Хороотой харилцсан захидал бичиг зэрэг баримтаар нотлогдож байна. БНМАУ-ын цэргийн яаманд хэлтэс бүрийг монгол туслагч дарга, зөвлөлтийн сургагч толгойлж байлаа. Бослогыг зөвлөлтийн биш, монголын ардын цэрэг дарсан юм. Гэвч энэ дарах ажиллагааг ЗСБНХУ-аас тавьсан зэвсэг, цэргийн хэрэгсэл, техник, зөвлөлтийн цэргийн, юуны өмнө, чекистүүдийн шууд оролцоогүйгээр гүйцэтгэхэд бэрх байсан. Энэ зөвлөгч нар зохион байгуулалтын ажил хийхээс гадна бас шууд байлдааны ажиллагаанд оролцоно. Засгийн газрын цэргийн анги тэр үед БНМАУ-д байсан зөвлөлтийн зэвсгээс хамгийн сайнаар хангагдаж байв. Ингэж, 1932 онд БНМАУ-д дээд лам нар ба феодалуудын гадаадаас турхирсан зэвсэгт бослого гарсан биш, харин ардын бослого гарч улмаар иргэний дайнд шилжсэн байна. Түүний дотоод шалтгаан – “зүүний нугалаа”, харин гадаад шалтгаан-большевикуудын Монголд экспортолсон социализм мөн. Энэ иргэний дайны гэм хувьсгалын эсэргүү нарт бус, харин тухайн цагт БНМАУ-д болон ЗСБНХУ-д засаг төрийг барьж байсан намын нөхдүүдэд оногдох учиртай
Цэрэгт гарсан эсэргүүцэл
5 сарын 30-ны өдөр Цэцэрлэгийн 1195 хүн бүхий цэргийн гарнизон босож, 400 босогчдыг сулласан байна. Тэдэнтэй бас хотын гадна орших харуулын 70 хүн нэгдэв. Цэргүүд босогчидтой тулгарч уулзалдаад тэдний дунд эд хөрөнгөө алдсан, мөн шашин, сүсэг бишрэлийн доромжлол үзэж, улс төрийн бодлогоос болж зовж дарлагдсан маш олон ардууд байгааг үзсэн байна. Иймээс цэргүүд олонхи тохиолдолд буудан алах дургүй байсан ба энэ нь шал дэмий цус урсгах явдал гэдгийг ойлгож байжээ. Жишээ нь, Ж. Малжийн отрядод байсан цэргийн сургуулийн сургагчид ардууд руу буудаж чадахгүй гэж даргын тушаалыг биелүүлэхээс татгалзаж, Өлзийбатын захиргаанд байсан Б. Намсрайгийн цэргүүд босогчдын талд нийлэхээр үймээн гаргахаар бэлтгэж байсан боловч бүтээгүй байна. Иймэрхүү адилхан явдал мөн бусад отрядуудад гарч, ялангуяа Архангай, Хөвсгөл аймагт цэрэг оргох явдал ихэсжээ. Завханы 8-р морьт хороо-600 хүнтэй, Архангайн 17-р морьт хороо – 500 хүнтэй байв. Тэдний дунд босогчдыг дэмжигчид олон. Жишээ нь, Завханы 8-р хороонд цэргүүдийг “уруу татаж” байсан хоёр хүнийг буудан алсан байна. Тиймээс Ц.Цагааны удирдлага дор цөөн тооны цэргүүд босогчдыг дарах ажилд оролцжээ. Бас ийм үзэгдэл Архангайн 17-р хороонд гарч, ялангуяа бослого дарсны дараа энэ хороонд оргохыг сурталчилсан ухуулга нэвтэрч эхэлсэн боловч дарга нар арга хэмжээ авахаас айж байжээ. Үүний үр дүнд 50 хүн оргосон байна. Сэлэнгийн дэргэд босогчдын талд 60 хүнтэй ардын цэргийн отряд сайн дураар шилжжээ. Иймээс эдгээр хорооноос бослого дарах үйл ажиллагаанд оролцоогүй бөгөөд уг ажилд зөвхөн үнэн итгэлтэй 60 цэрэг оролцсон байна. 6 сар гэхэд Цэцэрлэгт 74 хүн цэргээс оргож түүнээс 50 нь баригдсан юм
Бослогын толгойлогчид
Бослогын толгойлогчдын хувь заяа
1933 оны 4 сарын 15-ны өдөр БНМАУ-ын Дээд шүүхийн гишүүдээс таслан шүүх бүрэлдүүлэн байгуулав. Хурал 1933 оны 4 сарын 19-30-нд Улаанбаатар хотын Төв театрын байранд болсон юм. Энэ тухай 1933 оны 4 сарын 25-нд “Ардын үндэсний эрх” сонинд тодорхой бичсэн байдаг. Босогчдын 39 удирдагчдын хэргийг таслан шүүх хурлаар авч хэлэлцсэн байна. Үүнд: Ч.Самбуу, Ц.Жамц, С.Буриад, Б.Түгж, Б.Аюурзана, Чимэддорж, Х.Ширэндэв, Жамсрандорж, Вандансүрэн, Бямба, Ёндон, Бат-Очир, Тогоо, Лхажав, Агваандорж, Буяндэлгэр, Очиржанцан, Магнай, Самъяа (Сумъяа), Самбадив, Жур, Түмэнбаяр, Норовсамбуу, Бадрах, Тарва, Бадамжав, Дармаа, Пүрэвцэрэн, Төгөлдөр, Сэдэвбазар, Шагдар, Долгор, Очирбат, Аюурзана, Дэндэв, Цэрэндамба, Төмөрбаатар, Түдэв, Санжмятав.
Дээд шүүх 15 хэрэгтнүүдэд янз бүрийн хугацаагаар шоронд хорих ял оноож, 18 (гол удирдагчид, түүний дотор 8 жанжин) хүнд- давж заалдах эрхтэй буудан алах ял оноожээ. Зургаан хүнийг, тухайлбал, 14 настай Жамъянгарав хувилгаан Б.Очиржанцанг чөлөөлсөн байна
Босогчдын гол удирдагчид
- Чимэдийн Самбуу– Асгатын хүрээний гэсгүй. Голчлон Хөвсгөл аймагт босогчдын үйл ажиллагааг удирдсан байна. Түүнийг мэдэх хүмүүс энэ хүн бол их сүсэг бишрэлтэй, ширүүн зантай, монгол, түвд хэл, бичиг сайн мэддэг хүн гэж ярьдаг. Тэр дандаа бор өнгийн дээл өмсдөг, дээлийн бүснээс хоёр ташаа руу нь цацаг унжсан шар өнгийн “гяраг” бүс бүсэлдэг хүн байжээ. Тэр нэгэнт үүссэн бослогод өөрийн биеэр жанжин болж оролцсон гэжээ. Рашаантын хүрээ бослогод автагдсаны дараа л энэ тухай сонссон гэж нотолсон байна. Үүний дараа 4 сард нэг айлд өвчтэй хүний дэргэд гүрэм хийж өвчнийг арилгах гэж байтал тэр айлд хэдэн морьтон давхин ирж буусан юм, тэдний дунд бослогын толгойлогч “ногоон нүдэт” Түдэв, мөн Жамсрандорж байсан бөгөөд тэд нар Рашаантад “шар цэрэг” дайчилж явжээ. Тэгээд надад Асгатын хүрээний гэсгүй тул лам нарыг цуглуулахыг даалгасан юм. Тэдэнтэй нэгдэж удалгүй жанжин болсон гэж мэдүүлсэн байна.
- Самбуугийн Буриад – Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, Бухын хүрээний лам; түүнийг чойжин гэж өргөмжлөнө. Тэр өөрийн мэдүүлэгт: 12-нд эсвэл 13-нд билүү намайг Архангайн Цэцэрлэг сумын артелийн хурал дээр сууж байтал, Хөвсгөл аймгийн лам, феодалууд ардын засгийн эсрэг босож Хөвсгөл аймгийн Рашаант сумыг эзлэн авсан тухай, мөн бусдаас манай Цэцэрлэг сумыг эзлэхээр зэхэж байгаа талаар сонссон. Сумын захиргаа ийм мэдээ аваад аймаг руу тусламж эрж өөрийн хүнийг явуулсан, сумыг хамгаалах арга хэмжээний үеэр хойд зүгээс Рагчаа нэг хүний хамт ирээд, тэдний араас 150 хүн хөдөлж явна гэсэн. Эдгээр нь хувьсгалын эсэргүүчүүд байв, тэгээд би баривчлагдаад, дараа нь тэдэнд туслахаар шийдсэн бөгөөд намайг “чойжин” болгосон гэжээ.
- Д.Дамдинсүрэн –“ногоон малгай” хочтой ханжин, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харъяат, 1932 онд 38 настай, 10 настай байхдаа адис хүртсэн ба тухайн үед ногоон юүдэн өмссөн байжээ. Жаргалант сумын Хоолт хамтралын ня-бо, Хоршоололын дарга, хамтралын дарга байжээ. Хөвсгөл аймгийн Рашаант, Төмөрбулаг суманд, Архангай аймгийн Баянзүрх, Идэр, Чандмань, Их Жаргалант сумуудад мөн Завхан аймгийн зарим сумуудад болсон бослого байлдааны ажиллагаанд оролцсон байна. Өлзийбатын отряд Дамдинсүрэнг шархдуулан олзлоод цаашдын үйл ажиллагаанд саад болоод байсан учраас Архангай аймгийн Нүхтийн хүрээ гэдэг газар буудан алжээ
- Эрэндэндэв (Эрэндаваа, Эрэндэв) – Рашаантын хүрээний лам, чойжин .
- Дорж халзан гэх хочтой – лам, Цэрэнжавын шавь, түүгээр дамжуулан Банчин Богдтой холбоо барьж байсан гэдэг.
- Дандар – тайж, түшмэл. С. Буриадын хадам.
- Жамсран – феодал, залан.
- Сэрээтэрийн Нямаа – тайж.
- Дүгэржав – хуучин улаан цэргийн дарга.
- Дондогдорж – тайж.
- Чойжинсүрэн – феодал агсан хүн.
- Бутачийн Жамсрандорж – Хялгант хоршооны дарга байсан хүн. Түүний үгээр, урьд өмнө Самбуу дүвчин, Жамц хоёрыг мэддэггүй байсан, хувьсгалын эсэргүүчүүдтэй нэгдэх үед тэдний удирдах байгууллагад орсон байна.
- Санжид – хуучин хамтралын дарга байжээ.
- Цэдэнгийн Жамц – 32 настай. Цэргийн боловсролтой, цэргийн ажилтан агсан хүн. Онгоц жолоодон нисэж чаддаг, их буугаар буудах мэдлэгтэй. Үүний ачаар түүний отряд бусдыг бодвол нисэх хүчинд том эсэргүүцэл үзүүлж байсан байна. Босогчид онгоцыг винтов бууны зэрэг галлалтаар угтаж, түүгээр ч барахгүй Жамц хүмүүсээ хир хэмжээгээр яаж урьдчилан буудахад сургажээ. Онгоцнууд нэвт цоолуулсан сумны нүхтэй буцацгааж байлаа.
- Батболдын Түгж – энгийн ард, босогчидтой 1932 оны 4 сард “Бор гэгээн” Самдан Сангийн Далай гэдэг газар цэрэг элсүүлж байхад нэгдсэн. Түүний үгээр бол “шар цэрэгт” элсэхийг хүсэж, энэ хөдөлгөөнд амьсгалынхаа эцсийн мөчийг хүртэл тэмцэж, хувьсгалчуудыг хөнөөн устгаж, энэ тэмцэлд амиа өгөхөд бэлэн, хойд насандаа сайхан ертөнцөд төрөхийг мөрөөдөж байжээ. Жанжин болоод голдуу Завхан аймагт босогчдын хөдөлгөөнийг удирдаж явав. Улаантай 10 удаа байлдаж, Бүрэнхан сумын ажилтнуудыг барьж авсан гэж ярьсан байна. Бүгд 20 хүнийг алсан .
- Ванчингийн Магнай – Анх Дамдинсүрэнгийн цэрэгт элссэн. 4 удаа улаантай байлдаж, 1 хүнийг алсан, 1 сумын захиргааг устгасан.
- Пүрэвжав – Заг сумын нарийн бичгийн дарга., нам ба эвлэлийн ажил хэргийг ширээн дотор дарагдуулж, сүүлд хувьсгалын эсэргүү нарын гол удирдагчдын нэг болсон.
- Тогоогийн Самдан (“Бор гэгээн”, “Догшин ноён хутагт”) – бослого гарахаас өмнө Арбулаг сумд дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан. 34 настай. Дамдинбишрэлт буюу “ээмэгт лам” түүнийг “Догшин ноён хутагт” гэж нэрлэсэн ба сүүлд “Бор гэгээн” хэмээх болжээ.
- – “ээмэгт лам” Ховдод болсон байлдаанд оролцож явсан тэгээд Жид хувилгаан нэр авсан гэж ярьжээ. Тиймээс ардын засаг түүнийг феодал гэж үзэн хөрөнгийг нь хурааж эрхийг хассан ажээ. Үүний улмаас тэр хозон санан барьж, энэ засгийг устгах зорилттой байв.
- Баатарын Аюурзана – Энгийн ард. 5 удаа улаантай тулалдсан. Зүрх, Зуслан, болон Өндөр уул сумдыг дээрэмдэхэд оролцсон, Улиастай хүрээнд ухуулга явуулж, дараа нь Бух сумын захиргааг хөнөөсөн ба хэлтсийг дээрэмдсэн байна.
- Данзаны Сумъяа (Самъяа) – энгийн малчин ард.
- Шагдарын Жур – хуучин анчин хүн.
- Ванданжавын Бямба – цэргийн лам.
- Очиржанцан – хамбa гэгээн, энгийн ардын хүү.
- Тойнжавын Самбадив – 1932 оны хавар Дамдинсүрэнгийн цэрэгт жанжинаар орсон. Тарав жанжинтай хамт хоёр сумын захиргааг устгасан байна.
- Э.Тарав – энгийн ард. 8 удаа улаан цэрэгтэй байлдаанд орж, сумын төвийг устгаж, Тосонцэнгэл суманд 4 хүн алж, 3 хүн баривчилж, Идэр суманд 20 хүнийг олзлон барьжээ.
- Доржпалам – феодал, жанжин.
- Д. Шагдар – ловон, жанжин. шинэ Далай вангийн хошууны сумын дарга
- Түмэнбаяр – Бугат, Зүрх, Зуслан сумуудын захиргааг шатаасан.
- Пүрэвцэрэн -тайж , хуучин улаан цэрэг байсан, Бугат сумын дарга байсан. Түүнийг Аюурзаны отряд олзлон авсаны дараа хувьсгалын эсэргүүчүүдийн талд ажиллахаар зөвшөөрсөн
- Сэдбазар - 4 жил МАЦА-д алба хааж, сумангийн дарга байсан, буутай олзлогдон “шар цэргийн” хурандаа болсон.
- Төгөлдөр – ард, Монгол ардын армид алба хааж байсан, Самбуу дүвчины үйлдэл үзүүлсний дор босогчдод тангараг өргөсөн
- Бадамсамбуу-хуучин коммуны ажилтан, боловсролгүй ард, түүнийг жанжин болохыг албадсан байна
- Г.Бадрах – ард, Далай вангийн хошууг сэргээн босгоход идэвхитэй оролцож байсан
- Дармаа -хуучин засгийн үед жижиг түшмэл агсан ард хүн,
- Норовсамбуу – коммуны ажилчин байсан.
Босогчдын удирдлагын дотроос байлдаанд алагдсан: лам Дамдинбишрэлт, зуут Санжжав, жанжин Б. Дашням, Шажинбадрах, тайж Ванчиг, Т.Доржбачин, Ж.Туваан, Жамбал, Обсандамба, Шаравжамц, Баяр, Дамбадорж, Гончиг, Сандаг, Гүржав, Хайнзан, Жигжид, Сэврэн, Ядамсүрэн, Чимэд, Шагдарсүрэн, Жигмэсүрэн, “Хөх” Жав.
Сонирхолтой баримтууд
- Бослогыг дарахын тулд 3 хуягт танк ороцсон гэдэг ба тэдгээр нь хуягт машин уу эсвэл жинхэнэ танк уу гэдэг нь тодорхойгүй. Тухайн үед Монголын Ардын цэргийн зэвсэглэлд танк байгаагүй ба харин Т-27 танкетик гэдэг хуягт машин байсан байна. Танкетик нь их буугүй, пулемётаар зэвсэглэсэн хөнгөн хуягласан гинжит техник юм.
- Г.Эрэндоо: “...Сайхан хөндийгөөр хуягт тэрэг хөдөлтөл лам нар тал бүрээс овоорон шавалдаж хуяг рүү цохин хашгирцааж байлаа. Лам нар хуягт тэргийг бүслэн авч балбан нүдэж, хашгирцгаан нэн удахгүй эвдэн нураах юм шиг байсан. Амжиж ирсэн их бууны суман хэргийн үүслийг шийдсэн ...” гэж дурссан байдаг.
- Тариат сумын ойролцоо Гуа гэдэг газар Гичгэний голын дэргэд ардын цэргийн “танк” шаварт суусан аж. Энд ногоон малгайт Дамдинсүрэнгийн Өлзийбатын отрядтай байлдсан байлдааны талбар байлаа. Тариатын лам нар энэ машиныг их сонирхож байсан ба түүнийг хамгаалж байсан цөөн тооны цэргийг алаад уг машиныг шатаахыг эрмэлзсэн боловч чадаагүй байна. Түүнийг олсоор хүлж байсан гэдэг нь тэр үед тараасан суртал ухуулгын ажил юм.
- Жамцын толгойлсон босогчид онгоцыг винтов бууны зэрэг галлалтаар угтаж, түүгээр ч барахгүй Жамц хүмүүсээ хир хэмжээгээр яаж урьдчилан буудахад сургажээ. Онгоцнууд нэвт цоолуулсан сумны нүхтэй буцацгааж байлаа. Нисэгч Ивановын Р-1 онгоцны радиаторыг бууны сум нэвт цохисон учраас тэр босогчдын байрласан талд онгоцыг суулгахаас өөр аргагүй болжээ. Харин нисэгчид зугтааж амжсан бөгөөд эсэргүүчүүд онгоцыг шатаасан байна. Гэвч нисэгчид босогчдын өөр нэг отрядад баригдав. Тэднийг дээрэмдэн хувцасыг нүцгэлүүлэн тайлуулж, голын усанд хаясан боловч Ивановыг муу хүлсэн тул уснаас сэлэн гарч хүлсэн олсоос мултарч гараад монголын туслах нисэгчийг уснаас татан гаргаж чаджээ. Тэгээд 11 дэх хоног дээр тэр хоёр монголын ардын цэргийн тагнуулын цэргүүдтэй уулзалдсан байна.
- Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ламшинжавын Ядамцоогийн өөрийнхөн байлдаж явсан түүхээс цухас дурдвал. Хан тайшир уулын аймгийн Гурван сайхан Жаргалант уулын хошууны багшаар шилжин багшилж 1930 оны 8-р сард мөн хошууны Хөхморьт суманд 25 хүүхэдтэй бага сургуулийг байгуулан багшилж байгаад 1931 оны 8-р сард аймгийн төв Жавхлант сумын /Улиастай/ сургуулийн захиралаар шилжин очсон. Жавхлант сумын сургуулийн захиралаар ажиллаж байх үедээ БНМАУлсын баруун хэдэн аймагт бослого гарч эсэргүй бослогыг дарах ажилд зориулан Завхан аймгийн төвийн намын эвлэлийн гишүүдээр тусгай отрятуудыг байгуулж аймаг дахь цэргийн хорооноос бага дунд дарга нараар удирдуулан буу сум олгож хэд хэдэн отрядуудыг Архангай, Хөвсгөлын завсраар томилсоны дотор бидны 16 хүн нэг отряд болж цэргийн ангийн бага дарга Өлзийбаяраар удирдуулан Завхан, Архангай 2 аймгийн бөхөн шар гэгч чиглэлээр аймгийн төв дээр цэргийн давших, далдлах, буудах сургууль, байлдааны үеийн сахилга бат, зэвсэг тэхник хэрхэн эзэмших тухай цэргийн хорооны дарга өндөр хэмээх Цагаан комиссар, дотоод яамны ажилтан Доноров намын хорооны захиргааны дарга нар 2 өдөр хичээл зааж. 1932 оны 4-р сарын 20-ны орчмоор бидний 16 хүнтэй отряд хагас ачааны машинаар Завхан аймгийн төвөөс гарч шөнийн цагт машины гэрэл асааж болохгүй учраас замдаа хонож маргааш нь очих хуваарьтай Завхан аймгийн Идэр сумын төвд хүрэлцэн ирэх үед эсэргүү нар Архангай аймгийн зэргэлдээ орон нутгийн сумын захиргаа, хамтрал, хоршоо, сургуулийг дээрэмдэн шатааж нам улсын ажилтан нарыг баривчлан тамлаж байсан үед орон нутгийн нам эвлэлийн гишүүд, идвэхитэн эсэргүү лам нарын аллага, яргаллаас зугатан хэсэг бүлгээрээ уул хадаар бөөгнөрөн дайсныг эсэргүйцэх арга сүвэгчилгээ хийж байлаа. Бид нар тэр өдрөө Идэр сумын Хамтралаас унлага хөсөг хэрэглэж Завхан, Архангай 2 аймгийн сав нутаг болох Бөхөн шарын ууланд гарч дайсны гүнд нэг хоёроороо тагнуул хийж Шарын цэргүүдээс ганц хоёроор баривчлан авч эсэргүү нарын гол хүч төвлөрсөн газруудыг судлан мэдэж аймгийн төвд мэдээ дамжуулах зэргээр ажиллаж байтал аймгийн төвөөс суудлын автомашинтай явсан Дотоодыг хамгаалах газрын ажилтан Доноров нэг орос мэргэжилтэний хамт Завхан аймгийн эвлэлийн хорооны дарга Гүрцог нар Архангай аймгийн шумуултайн хүрээний ойролцоо дайсны давуу хүчтэй гэнэт тулгаран бүслэгдэж байлдаж байгаад дотоодыг хамгаалах газрын ажилтан Доноров сургагчийн хамтаар алагдаж эвлэлийн хорооны дарга Гүрцогийн нэг хөл, жолоочийн нэг гар шархадаж Идэр сумын төвд хүрэлцэн ирж Аймгийн төв эмнэлэгт хүргүүлсэн юм. Энэ үед манай отрядыг дайсны хүч давуу байгаа учраас дайсны гүн ажиллахыг түр зогсоож Завханы цэргийн хорооноос суман цэрэг иртэл Идэр сумын хоршоо хамтралыг хамгаалж байх үүргийг аймгийн төвөөс өгч Хамтрал, хоршоог хамгаалав. Аймгийн төвөөс гарсан суман цэрэг шөндөө Идэр суманд хүрэлцэн ирэв. Тэр шөнөдөө дайсны зүг морин маршаар хөдлөж хоёр машин зэвсэгийг маргааш өдөр хөдөлгөхөөр бидний хамгаалалтанд үлдээв. Бидний 16 хүн хоршоо хамтралыг эргэн тойрон хамгаалж байтал үүрийн харанхуйгаар дайсны 200 орчим эсэргүү нар бид нарыг дайран бүсэлж шөнийн харанхуйгаас үүр цайж нар гартал байлдаж отрядын дарга Өлзийбаяр 3 хүний хамтаар алагдаж 6 хүн хүндээр шархдсан боловч үлдсэн хүмүүст дайсныг эсрэг шургуй тулалдаж дайсны гол хүчийг зугатаалгуулж хамтрал, хоршоо, 2 машин зэвсэгийг зайсанд алдсангүй хамгаалав. Тус отрядын анхны бүрэлдэхүүн 16 хүний надаас бусад нь цөм цэргийн хугацаа дууссан бэлтгэл цэргүүд байсан билээ. Дайсанд бүслэгдэн байлдаж байх үед дайсны хүч хүний тоогоор давуу байлдах ашигтай өндөрлөгийг дайсан урьчилан эзлэж бид нар хориглон хамгаалах байргүй гагцгүй хамтралын гадаа хэдэн угсруулан тавьсан хэдэн үхэр тэрэг эвдэрхий машинаас өөр хамгаалалт бидэнд байсангүй бид нар асар их хохирол хүлээсэн боловч зэвсгийн хүчээр зугатаалгуулсан юм. Байлдааны үед миний бие эвдэрхий машиний өмнө талд сууж машины урд талын шаврын халхавчин дээр буугаа тавьж машины 2 талаар дайсныг мэргэн буудаж байсан юм. Энэ үед ганцаараа орос маягийн нэхий дээлтэй содон хувцастай явж байсан болхоор намайг дарга ч гэж бодсон юм уу над дээр винтовны гал мэргэн тусч миний эргэн тойрон тасралтгүй шүршиж байсныг нарийвчлан судалж ажиглавал хойд толгойн орой дээрээс нэг дайсан өндийж буудаад хэвтээ биеэ далдлан буудаж байгааг мэдээд түүнийг өндийж буудахыг онолж шагайж байгаад өндийхөн хамтаар буудсаны дараа дайсны винтовын хүчтэй гал зогсож дайсны нийт гал намдсаны дараа буудсан газраа очиж үзхэд дайсны дэргэд байсан хадыг бяц буудаж чулууны хагаралтаас дайсны тархи нь морины биеэн дээр нь нялагдсан. Буудаж байх үедээ нэг гартаа мориныхоо цулбуурыг атгаад нөгөө гараараа буудаж байсан юм байна лээ. Тэр алагдсан дайсныг үзэхэд бусдаас илүү бурхан, хадаг хүзүүндээ зүүсэн винтовоор зэвсэглэсэн хүн байсан. Түүний бүсэлж явсан дайз нь Завханы дотоодын хамгаалах хэлтэсийн ахмад чехист Ясанжавын дайсанд баривчлагдан тамлагдаж амь үрэгдэхдээ хэрэглэж явсан дайз мөн болохыг баримтаар батлагдсан юм. Завханы дотоодыг хамгаалах хэлтэс нь сумны дайз нь шар булигар хүрэн дурдан оосортой байсан юм. Дайсны бүсэлж явсан дайз нь яг тийм дайз бүсэлж явсан юм. Надад алагдсан дайсан Батчулуун гэгч хэдхэн хонгийн өмнө эсэргүү нарын төв удирдлага болж байсан Очирбатын яам гэгчээс жанжин цол олгож 200 орчим цэрэг захируулан Завхан аймгийн Идэр сумын төвд байгаа отрядыг устгах үүрэг өгч винтов буу тариндан үүрүүлж явсан гэдэг нь олзлогдсон дайсны цэргийн мэдүүлгээс тодорсон юм. Байлдааны эцэст эрүүл хэдэн хүмүүс бид нар машинд байсан хүнд пулёмотыг ашигтай газар зоож хэдүүлээ хориглолтонд орж байх үед суман цэрэг бүслэгдсэнийг мэдэж бидэн дээр эргэн ирж. Тэр суман цэргийн сумангийн дарга Гэндэн, сумангийн улстөрийн удирдагч Ганжуур нар удирдаж явсан юм. Сумангийн улс төрийн орлогч Ганжуур гэдэг хүн төв аймгийн налайхын уурхай орчим амьдарч явдаг гэнэлээ. Энэ хүн энэхүү үйл явдалыг сайн мэднэ. /1972 он/ Бидний эрүүл үлдсэн 10 хүн сумангийн цэргийн хамтаар Архангай аймгийн нутаг хөх толгой гэдэг газруудаар хэд хэдэн удаа байлдаж дайсны гол хүчийг саринуулан булнайн нурууны хад асганд бөөгнөрсөн үед цэргийн ангиуд агаарын онгоцны дэмжлэгтэйгээр дайсны үлдэгдэлийг дуустал нь цохисон үед Нам эвлэлийн гишүүдээр тогтсон орон нутгын отрядуудын ихэнхи нь орон нутгын байгууллагуудыг сэргээх ажилд шилжсэн юм. Ийнхүү 4-р сарын 20-ны орчмоос 8-р сар хүртэл оролцож явлаа. гэж дурсан ярьсан байна.
Энэ жил энэхүү аймшигт, Монголчуудыг хядсан он жилүүдийн эхлэл болсон 1932 оны зэвсэгт бослогын 90 жил тохиож байна. Түүхийн гашууныг бүү март!!!