Өвөрхангай аймаг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай гэрээ байгуулж, орон нутагтаа сувилагчдыг бэлтгэж эхлэх гэж байна. Аймгийн Политехникийн коллежид сувилагч мэргэжлийн диплом олгох гурван жилийн сургалтын 2 ангийг нээж, одоогоор 73 хүн бүртгүүлээд байгаа юм.
“Эрүүл мэндийн салбарт боловсон хүчний дутагдал их байна. Ялангуяа, сувилагчийн хүрэлцээ хангамж маш бага байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээг саадгүй хүргэхэд бэрхшээл учруулж байгаа юм. Ковидын цар тахлын үед цөөн хэдэн сувилагч маань амарч чадахгүй ажиллаж байсан. Цаашид ч ийм нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс аймгийнхаа эрүүл мэндийн салбарын сувилахуйн нөөцийг бүрдүүлэх зорилт тавьж байна” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.
Сувилагчийн нарийн мэргэжлээр суралцагчдад АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш нар болон аймгийн БОЭТ-ийн зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй их эмч, сувилагчид хичээл заах бөгөөд төгсөөд ажлын байранд очих мэдлэг, мэргэжлийг олж авах ажээ.